Өчигдөр 17.10 цагийн байдлаар “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2057 төгрөгөөр худалдан авч, 2060-аар зарж байв. Америк мөнгөн тэмдэгт 16.35 цагийн орчимд 2060 төгрөгтэй дүйх болсон талаар тус захын нэгэн ченж ярилаа. Он дөнгөж гарахад 2000 төгрөг давсан “ногоон”-ы ханш тасралтгүй чангарч, ийнхүү 2060-д хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байна.
Монголбанкнаас зарласан албан ханш ч сүүлийн өдрүүдэд өссөөр буй юм. Тухайлбал, энэ сарын эхэнд ам.доллар 1992.76 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар дээрх тоо 2049.3-т хүрлээ. Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн гуравдугаар сард 1.26, дараагийнханд нь 1.54 тэрбум ам.доллар байсан бол тавдугаар сард 1.44 тэрбум ам.доллар болж буурчээ. Өнгөрсөн сард дээрх тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Төвбанк мэдээлээгүй байгаа юм.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гаригт арилжааны банкууд 60 сая ам.доллар худалдан авах санал ирүүлэхэд Монголбанк 2045 төгрөгийн ханшаар 49 сая “ногоон”, 306.66 төгрөгийн хаалтын ханштайгаар 22 сая юань нийлүүлсэн байна. Мөн своп, форвард арилжааны саналыг бүрэн биелүүлж, валютын захад 41.5 сая ам.доллар нийлүүлжээ. Эргэн сануулахад, одоогоос хоёр сар орчмын өмнө буюу тавдугаар сарын 29-нд “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 1993 төгрөгөөр худалдан авч, 1997-гоор зарж байв. Тэгвэл өнгөрсөн сарын эцэст уг валютыг 1995 төгрөгөөр авч, 2005 төгрөгөөр борлуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор америк тэмдэгтийн ханш 50 гаруй төгрөгөөр чангарч буй хэрэг.