АНУ-ын газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, ам.долларын ханш өссөнөөр уг таваарын үнэ сүүлийн хоёр сарынхаа доод түвшинд хүрсэн тухай “Bloomberg” уламжлав. Тус улсын Засгийн газрын статистикт дурдсанаар түүхий тосны нийлүүлэлт нь сүүлийн 20 жил дэх улирлын хамгийн өндөр түвшинд хүрсэн аж.
Нөгөөтэйгүүр, зургадугаар сард эрэлт нь хангалттай биш байснаас гадна ам.долларын ханш сүүлийн 50 хоногийнхоо дээд түвшинд хүрсэн нь газрын тосны үнэд нөлөөлсөн гэнэ. Уг нь өнгөрсөн зургадугаар сарын эхнээс баррель нефтийн ханш 44-52 “ногоон”-д хүрч, хоёрдугаар сард сүүлийн 12 жилийн доод түвшинд хүрээд байснаасаа бараг хоёр дахин өсөөд байсан билээ.
Харин өнгөрсөн баасан гаригт уг таваарын спот ханш 45 орчим ам.доллар болж хямдрав. Бас Нью-Йоркийн металлын биржид ирэх есдүгээр сард худалдах баррель WTI маркийн нефтийн үнэ 44.19 “ногоон”-д хүрсэн нь тавдугаар сарын 9-нөөс хойших хамгийн хямд ханш юм. Уг таваарын ханш өнгөрсөн долоо хоногт нийт 3.8 хувиар уруудсан байна. Түүнчлэн “ICE Futures Europe”-д энэ хугацаанд борлуулах “Brent” төрлийн нефтийн үнэ 1.1 хувиар буурснаар 45.69 “ногоон”-д хүрлээ.