Монголчууд Өмнөд Солонгосыг савангийн дууриар нь эчнээ танина. Цаг үрсэн эд гээд түүнд таатай ханддаггүй хүн манайд цөөнгүй бий. Тэгвэл тус улстай урлаг, соёлоос өөр шинэ харилцааг шат ахисан түвшинд хөгжүүлэх эхлэл тавигдлаа. Тодруулбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ айлчлал хийхдээ 200 орчим “цэрэгтэй”-гээ ирж, Монгол Улсад хөрөнгө оруулах асар их амбийцаа илэрхийлэв.
Хоёр тивийн зангилаа Монгол эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний нөөц арвинтай бол Азидаа дөрөв, дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэх эдийн засагтай БНСУ шилдэг ноу-хау, өндөр технологитой. Тэгэхээр манай хоёр улс хамтарвал нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах боломжтой. Эдийн засагтаа түвшин ахиулж түншлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж хоёр улсад бий.
Өнгөрсөн долоо хоногт АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийнх болох Ази, Европын эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөсний дараа “Скайтел” компанийн төв оффисын ойролцоо явж байтал нэг залуу “Солонгосын үндэсний бүжгэн жүжгийн талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Үзнэ гэвэл тасалбарыг нь өгье” хэмээв.
Тэр үед дээрх чуулга уулзалтын “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” салбар хуралдааны үндсэн илтгэгч, БНСУ-ын Жижиг, дунд бизнесийн судалгааны төвийн Судалгааны хэлтсийн дарга Жун Хо Ли “Манай улсын амжилтын түүх бодлогын хөшүүргүүдийг бий болгож ирсэн үе үеийн Засгийн газартай холбоотой” гэж ам бардам хэлсэн нь санаанд буув.
Тус улсын бодлогыг зангиддаг, намтар номдоо “Бид дэлхий рүү зорьж байна” хэмээн бичсэн, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ компаниудынхаа 100 гаруй төлөөлөгчийн хамт ирснийг сонссон байв. АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хэд хэдэн орны тэргүүн ирсэн ч хатагтай Пак Гын Хэ шиг ийм олон “дагагч”-тай ирсэн нь үгүй. Товчоор хэлбэл, Өмнөд Солонгос соёл урлагаа сурталчлангаа бизнесийн салбарт Монголтой түвшин ахиж хамтрахыг сонирхож буй нь эндээс харагдана. Хоёрхон сарын дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилсан нь үүний нотолгоо.
БНСУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн жилүүдэд эцэгтэйгээ хамт зогсож байсан Ерөнхийлөгч Пак Гын Хэг хэн, хэн дагалдан ирээд, буцсаныг сонжъё. Тус улсын “Daewoo E&C”, “Samsung C&T”, “Samsung Electronics”, “LG Electronics”, “Hanwha”, “Posco Energy”, KEPCO, “Hyundai” тэргүүтэй “томчууд” болон “Dohwa”, “Bo Gwang Textile”, “Seo Joong Logistics”, “Soosung engineering” зэрэг компанийн 110 орчим, бас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, БНСУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНСУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг, “Эксим” банк, Эрчим хүчний агентлаг, Жижиг, дунд бизнесийн корпорацынх гээд 187 хүн түүний багт багтжээ.
Ер нь аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг, дунд байсан бол “акул”-уудын нэг салбар компани нь гэхэд 82.000 ажилтантай, өнгөрсөн жил 56.5 тэрбум ам.доллар, 5-352 их наяд воны орлоготой ажилласан, улсдаа төдийгүй дэлхийд томд тооцогддог аж. Тэд инженеринг, худалдаа, эрчим хүч, агаарын тээвэр, ложистик, уул уурхайн техник ханган нийлүүлэгч, автомашин, электрон болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид юм.
Хойч үедээ ядуурал өвлүүлэхгүй гэж шүд зуун тэсэж, бахархам хөгжилд хүрч чадсан БНСУ-тай манай улс 1990 онд дипломат харилцаа тогтоожээ. Хоёр орны худалдааны эргэлт хангалтгүй байгааг “Arirang”, “The Korea Times”, “Yonhap” зэрэг мэдээллийн хэрэгсэл саяхан уламжлав. Манай Хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр Өмнөд Солонгосоос хийсэн хөрөнгө оруулалт 2013 онд харьцангуй багасаж, 18.5 сая ам.долларт хүрсэн байна. 2014, 2015 оны мэдээлэл байхгүй агаад энэ нь бүртгэх учиртай яам нь татан буугдсантай холбоотой аж.
Тэгвэл “Arirang”-ийн дамжуулснаар өнгөрсөн онд дээрх тоо 38 сая “ногоон” болж нэмэгдсэн гэнэ. Хэдийгээр энэ нь 1994 оны 240.000 ам.долларын хөрөнгө оруулалтаас өссөн тоо боловч бусад улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт гэдгийг ч дурдсан байв. Далайд гарцтай, гарцгүй хоёр орны худалдааны эргэлт 26 жилийн өмнө 2.7 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 292 сая “ногоон”-д хүртлээ “өгсчээ”. Таван жилийн өмнө энэхүү дүн 411 сая “ногоон”-той тэнцэж байсан аж. Гэхдээ өмнөд солонгосчууд өнөөг хүртэл манай үйлчилгээ, нийтийн хоолны салбарт түлхүү ажиллаж ирсэн байх юм.
Тэгвэл тус улсын хөрөнгө оруулагчид Оюутолгой шиг томоохон орд, бас сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулалт, банк санхүү, сэргээгдэх эрчим хүч, барилгын салбарыг сонирхож буйгаа Монгол-Солонгосын бизнес форумын үеэр илэрхийлсэн нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, манай хөрөнгө оруулалтын орчинд “үсрэнгүй хөгжих”-ийг чармайж байна.
Сөүл хотын өргөмжлөлт дэд захирал М.Ундрах өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан Монгол-Солонгосын олон улсын худалдааны холбооны талаар ярихдаа “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэхэд анхаарч байгаа. Мөн БНСУ-ын өндөр технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Солонгосчууд ноолуур, чацаргана, чага мөөг, жонш, зэс зэргийг манайхаас авах сонирхолтой ч бэрхшээлтэй тулгардаг. Жонш авъя гэхэд Хятадын Тянжинаар дамжуулан тээвэрлэх учраас хүндрэл учирдаг.
Нөгөөтэйгүүр, Солонгосын зах зээлд гаргахад асар их шалгуур бий” гэв. Түүнчлэн тэрбээр “Монголын ноолуур, чацарганы бүтээгдэхүүн сайн. Гэхдээ Монголынхоос хоёр дахин илүү үнэтэй байсан ч Италийн цэвэр ноолууран бүтээгдэхүүнийг л авна. Энэ нь Монгол Улс брэндээ таниулж чадаагүйтэй холбоотой, бас технологидоо анхаарах хэрэгтэй. Заавал монгол хээтэй биш, эсвэл бага размертай ноолууран хувцас хийгээд өгөөч гэхэд манайхан уян хатан хандаж чаддаггүй” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, маневр хийх чадвар, чармайлт дутдаг бололтой.
Ер нь манайхаас БНСУ руу бүтээгдэхүүн бараг экспортолдоггүй гэж болох аж. Дээрх холбооныхон “Made in Mongolia” экспог Сөүлд зохион байгуулахаар төлөвлөж буй гэсэн. Харин манай улс Солонгосоос хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бэлэн хувцас түлхүү импортолдог байна. Энэ ажилд монголчууд нэг их оролцож чаддаггүй гэнэ.
Долоон жилийн дараа манай улсад дахин ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг судлахаар тохиролцсон нь анхаарал татаж буй. Чөлөөт худалдааны гэрээ байгуулах судалгааг энэ оны эцэст, эсвэл ирэх он гарангуут эхлүүлэхийг “The Korea Herald” уламжилжээ. Иргэд нь цээж тэнэгэр, сайн сайхан аж төрдөг, хариуцлагатай гэж жигтэйхэн солонгосчууд хэлсэн, төлөвлөснөө цагт нь амжуулдаг тул манай талаас зохих ажлыг хугацаанд нь нягт хийх биз ээ.
Солонгос улсаас бодит хөрөнгө оруулалт татахад анхаарах ёстойг эдийн засагчид ярьж буй. Монгол Улс чөлөөт худалдааны анхны гэрээгээ Япон улстай байгуулчихаад байгаа. Өнгөрсөн сараас хүчин төгөлдөр мөрдсөн уг гэрээний судалгааг 2010 оноос хийж эхэлсэн байдаг. Тэгвэл Өмнөд Солонгостой ийм гэрээ байгуулахад дээрхээс бага хугацаа зарцуулахыг Сөүлийн удирдлагууд тэмдэглэсэн байна лээ. Ер нь БНСУ олон улсын эдийн засгийн хүнд нөхцөл дунд чөлөөт худалдааг хумих бус, эсрэгээр өргөтгөн хөгжүүлэх бодлого баримталж буйг мэдээллийн хэрэгслүүд нь тодотгожээ.
Монгол-Солонгосын бизнесийн форумын индэр дээрээс Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Дэлхийн уул уурхайн хамгийн их баялагтай 10 орны нэг Монгол, өндөр технологитой БНСУ-ын эдийн засгийн харилцаа шат ахиж чадна” гэсэн. Түүний айлчлалын үеэр манайд хэрэгжүүлэх 4.49 тэрбум ам.долларын 14 төсөлд (дэд бүтэц, төмөр зам, хот хөгжүүлэх зэрэг) БНСУ-ын компаниудыг оролцуулахаар болсон юм.
Улмаар хоёр тал 20 санамж бичиг байгуулсны дийлэнх нь эдийн засгийн харилцааг өргөтгөхөд чиглэжээ. Монгол Улсын Ерөнхий сайдад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүссэн Пак Гын Хэ “Монгол Улс нь манай чухал түнш орон. Өнгөрсөн онд БНСУ, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон бөгөөд бид дахин шинэ 25 жилийг угтах гараан дээр зогсож байна” хэмээн онцолсон байна лээ. Гадаад худалдааны дөрөв дэх том түнш БНСУ-аар дамжин манай улс далайд “гарцтай” болох, БНСУ-ын хувьд Европын зах зээлд нэвтрэх гээд давуу тал бий тул ирэх жилүүдэд түншлэл түргэн тэлэх нь.