Монголбанк, “Тэнхлэг зууч” компани хамтран өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг өчигдөр танилцууллаа. Зургадугаар сард зах зээлд нийлүүлсэн 4800 гаруй орон сууцыг энэхүү судалгаанд хамруулжээ. Уг индекс өмнөх сараас 1.1, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар уруудсан байна. Шинэ орон сууцны үнийн индекс жилийн өмнөх үеэс 8.7, хуучных 12.5 хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.
Ингэснээр орон сууцны үнэ 2014 оны эхний улирлаас хойш хямдарсаар байгаа юм. Тухайлбал, шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэ дунджаар хоёр сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс таван хувиар буурсан аж. Мөн хуучин хоёр өрөө орон сууцны үнэ 78 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар хямдарсан үзүүлэлт боллоо.