Олонд Хасын Ганхуяг (ХасБанкны үүсгэн байгуулагч Чулууны Ганхуяг) нэрээрээ танигдсан эдийн засагч, банкираар манлайлуулсан залуу хамт олон Монголын анхны мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани болох “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн дээвэр дор нэгдэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 700 гаруй хувьцаа эзэмшигчийнхээ хөрөнгийг өсгөх ажлыг амжилттай өрнүүлж байгаа билээ. Тус байгууллагын Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер Б.Тамиртай иргэд хуримтлалаараа хэрхэн ашигтай хөрөнгө оруулалт хийж, ашгаа хүртэх боломжтой талаар ярилцлаа.
-Таныг “Ард Санхүүгийн Нэгдэл”-д ажиллаад удаагүй ч өнгөрсөн долоо хоногт “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Билэгтийн Тамир гэдэг. Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Банк, санхүүгийн удирдлагаар төгссөн. Оюутан байхдаа ХасБанкинд дадлага хийж Ч.Ганхуяг захирлын ажлын арга барилыг сонирхон, хүндэлж ирсэн. Өнгөрсөн оны сүүлээр “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” гэх фэйсбүүк хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн үйл ажиллагааг сонирхон, оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Миний аз таарч энэ том айлын нэг хэсэг болсондоо баярлаж, бахархаж явдаг.
“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн онцлог нь чадварлаг залуу багтай, Монголдоо анхны гэж хэлж болох мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани бөгөөд хүний нөөцдөө боломж олгож, үнэлж, дэмжиж ажилладаг нь тод харагддаг. Үүний нэг илрэл нь өнгөрсөн долоо хоногт компани өөрсдийн ажиллагсаддаа урамшуулал хэлбэрээр хувьцаа тараасан явдал юм. Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер гэх албан тушаал Монголын компаниудад тэр бүр байдаггүй.
Энэ албан тушаалд зургаан сар гаруй ажиллахдаа хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, шинэ хөрөнгө оруулалт татах зэрэгт хариуцлагатай ажиллаж, удирдлагадаа үнэлэгдэн өнгөрсөн баасан гаригт “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирлаар томилогдлоо. “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-д нэгдсэн 700 гаруй хувьцаа эзэмшигчийнхээ хөрөнгийг удирдаж өсгөх үүрэгтэй энэ хүндтэй, хариуцлагатай ажлыг гүйцэтгэхдээ ТУЗ-тэйгээ хамтран хөрөнгийн зах зээлийг иргэдэд ойртуулж ажиллах болно.
-“Ард Санхүүгийн Нэгдэл” сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон нийтэд нээлттэй ажиллаж байгаа. Он гараад ямар амжилт гаргасан, ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ. Монголын эдийн засагт ямар хувь нэмэртэй байх вэ?
-Бид он гарсны дараа Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнөө албан ёсны болгож, хаалттай хувьцаат компанийн нэр дор өрнүүлж, Чингис хааны аравтын системээр хувьцаа эзэмшигч нараа зохион байгуулалтад оруулж, ТУЗ-өө хамгийн ардчилсан байдлаар сонгож, эхний хөрөнгө оруулалтуудаа Засгийн газрын үнэт цаас, “Монгол шуудан” ХК зэрэг санхүүгийн хэрэгслүүдэд хийснээр тавдугаар сарын 26-ны байдлаар хувьцаа эзэмшигч нарынхаа хөрөнгийг 60 хувиар өсгөөд байна. “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн хувьд бид “Ард даатгал” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч нартайгаа харилцан ашигтай хэлэлцээр хийснээр тус компанийн эзэмшлээ 55 хувиас 85 хувь болгож чадлаа.
Мөн бид 21 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй Монголын анхны үнэт цаасны компаниудын нэг болох “Алтан Хоромсог” ҮЦК-ийг худалдан авч, “Ард Секюритиз” ҮЦК-тай нэгтгэх хүсэлтээ СЗХ-нд өгөөд байна. Энэ нэгдэлийн үр дүнд “Ард Секюритиз” 46.000 гаруй харилцагчтай, Монголын томоохон ҮЦК болох юм. Үүнээс гадна бид хөрөнгө оруулалтын хоёр сан байгуулахаар ажиллаж байна. Эдгээр нь Монголын анхны олон нийтийн тэтгэврийн сан ба манай санхүүгийн бус активуудыг нэгтгэсэн “ИАйТи” хувийн хөрөнгө оруулалтын сан юм. Манай Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулган энэ сард амжилттай болж, манай орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 100 гаруй ХЗХ-ны удирдлага холбоогоо улам өргөжүүлж ажиллахаар боллоо.
Энэ бүх ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжих учиртай. Улмаар иргэдэд эдийн засгийн ашиг хүртээж эхлээд байна. Иргэд хэрэглэгч бус, өмчлөгч болж эхэлж байна. Энэ бол урт хугацааны туршид эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх өөрчлөлт юм.
-Иргэд хөрөнгийн зах зээл, хувьцааны тухай төдийлэн мэддэггүй. Танай “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-д 700 гаруй хүн хөрөнгө оруулсан байна. Үүний анхны хөшүүрэг хуучин хэвлэлийн үйлдвэрийн байр, газрын тендерт иргэд нэгдэн оролцох явдал байсан. Хөрөнгө оруулагчид танай ямар давуу талыг харж, сонгодог бол?
-Миний бодлоор “Ард Санхүүгийн Нэгдэл”, “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-д хөрөнгө оруулаад буй 1400 гаруй иргэн, аж ахуйн нэгж юуны түрүүнд манай түүхэнд тэмдэглэгдсэн хувьцааны 140-705 хувийн жилийн дундаж өгөөжийг бодитоор мэдрэхийг хүсдэгийн зэрэгцээ мэргэжлийн чадварлаг баг, ил тод засаглалыг үнэлдэг. Цаашид банк, санхүүгийн нэгдэл болох том зорилго маань үндэсний хөрөнгө оруулагч, хувь иргэн хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татдаг гэдэгт итгэлтэй байна.
-“Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-ий зорилго нь банк болох гэж тодорхойлогдсон байгаа. ХасБанкийг үүсгэн байгуулж, Монголын топ 4 банкны нэг болгосон Ч.Ганхуяг захирал тэргүүтэй хүмүүсийн удирдсан энэ үйл ажиллагаа амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч манай улс гуравхан сая хүн амтай хэрнээ 14 арилжааны банктай. Танайх ямар банк байгуулах вэ. Иргэдийн санхүүжилтээр бүтнэ гэсэн үг үү?
-Тийм ээ, энэ бол үнэхээр хувьсгал гэж хэлж болохоор банкны ардчилал байх болно. Бид банкаар өдөр тутам үйлчлүүлж, төлбөр тооцоо гүйцэтгэх, зээл авах, хадгаламж байршуулах зэрэгт ашигладаг. Нөгөө талдаа банк, санхүүгийн салбар хамгийн тогтвортой өсөлттэй, ашигтай салбар гэдгийг хэн бүхэн мэддэг. Харин энэ ашиг, өгөөжийг яагаад үйлчлүүлэгч, ард иргэд авч болохгүй гэж. Үүнийг л бид банкны ардчилал гэж хэлээд байгаа юм. Ард түмэндээ үйлчилдэг ард түмний эзэмшлийн банкыг байгуулах зорилгодоо бид тун удахгүй хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Ард иргэд ч энэ санаачилгыг дэмжин, олноороо оролцож байгаа нь бидэнд маш их урам өгч байна. Манайх FinTech банк буюу дэвшилтэт технологи дээр суурилсан, зах зээл дээр байгаа дэд бүтцийн боломжуудыг ашиглан, үр ашигтай үйл ажиллагаа явуулдаг, олон салбартай, ATM дээр түшиглэсэн банкны уламжлалт хэлбэрээс татгалзсан тийм л банк байх болно.
-“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК, “Жинст Увс” ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр гарах шийдвэр гаргасан байна. Энэ утгаар Монголд анх удаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани нээлттэй арилжаалагддаг болох нь. Засгийн газар 300.000¥-өөр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэдэд хуваарилсан 1.072 ширхэг хувьцааны 30 хувийг авахтай холбоотойгоор хүмүүс танайд хандаж байна уу. Тэдэнд юу зөвлөж байгаа вэ?
-Бидний харж байгаагаар иргэд энэ боломжийг ашиглан өөрт ноогдсон эх орны хишгээ “чулуу” болгох шаардлагатай. Бид “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг буцаан худалдан авах нөхцөлтэйгээр зарах боломж бүрдэж буй болохоор бэлэн мөнгийг зах зээл дээр гаргаж инфляцийг өсгөж, эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр манайх шиг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулж, мөнгөө өсгөх боломжтой гэдэг байр суурьтай байгаа.
-“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК “Монгол Шуудан” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Мөн “Ард даатгал” ХХК-д хөрөнгө оруулахаар боллоо. Ингэснээр иргэд анх удаа үйлчлүүлдэг байгууллагынхаа хувьцаа эзэмшигч нь болох боломж бүрдэж байна. “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-д хөрөнгө оруулсан хүмүүс дээрх хоёр байгууллагын ашгаас хэрхэн хүртэх вэ?
-Бид барууны хөрөнгийн зах зээл нь өндөр хөгжсөн улс орнуудын жишгээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгаас бус хувьцааны үнэлгээний өсөлтөөс ашгаа хүртэх нь зүйтэй гэсэн үүднээс хандаж байгаа. Эдийн засгийн тооцооллоор энэ нь хувьцаа эзэмшигч нарт илүү ашигтай. Тийм ч учраас эдгээр компаниудын үнэ цэнэ, ашигт ажиллагаа нь өссөнөөр хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт өсөх учиртай. “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх удирдлага биднийг бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт урьж оролцуулж байгаа нь улам их боломж олгож байна.
Мөн бид Английн инноваци дээр суурилсан дэлхийн дэвшилтэт хаягжилтийн системийг зохион бүтээгч “what3words” компанийг “Монгол шуудан” компанийн удирдлагад танилцуулснаар Монголын өнцөг булан бүрт тархан амьдардаг нүүдлийн соёлтой ард түмнээ хаягтай болгох, төрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, захиа, шуудан илгээмж зэргийг саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүллээ. Энэ тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (Forbes, The Guardian, Foreign Policy, ABC News, Cnet, Quartz гэх мэт) уралдан бичиж байгаа нь бидний хамтын амжилтын эхлэл юм.
-Олон хүний ашиг, сонирхлыг нэгтгэсэн танайх шиг байгууллага нийгмийн хариуцлагадаа анхаарал хандуулдаг байх?
-Бид нийгмийн хариуцлагатай хамт олон байхыг ямагт ухамсарладаг. Тиймдээ ч урлаг соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээг өөрсдөө санаачилдаг, энэ төрлийн арга хэмжээг дэмжин оролцдог. Дотоодын болон гадаадын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэр хүндийг өргөж яваа 2016 оны Пара олимпийн эрх авсан тамирчид ч манай байгууллагад бидэнтэй мөр зэрэгцэн ажилладаг. Бид жил бүр Эх үрсийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай дунд сургуулийн багш, сурагчдад гарын бэлэг, хандив өгдөг. Спортын хувьд өсвөрийн заалны хөлбөмбөгийн тэмцээн “Дуулиан 2020”, үндэсний бөхийн “Чингэлтэй хайрханы хишиг барилдаан” зэргийг олон жил дэмжин ажиллаж байна.
-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?
-“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК нь гурван томоохон хөрөнгө оруулагчтай хэлэлцээр явуулж байна. Энэ гурав нь ТУЗ-д орох, компанийн дор хаяж 10 хувийг эзэмших болзлыг хангаж буй томоохон үндэсний компаниуд юм.
Бид олон нийтийн санхүүгийн боловсролд нэмэр болох үүднээс хэрхэн хөрөнгийн зах зээл, хувьцаанд хөрөнгө оруулах боломжийн талаар цуврал видео хичээл хийхээр зэхэж байна. Үүнийгээ бас инфографик хэлбэрээр дүрсжүүлээд гаргаж байх болно. Түүнчлэн бид Монголын эдийн засгийн форумтай эн зэрэгцэхүйц “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” форум, бизнес яармагийг энэ намар зохион байгуулах болно. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийн тоглогч, сонирхогчдын мэдээлэл солилцох, хамтран шийдэл, санаачлага гаргах платформ болох учиртай өөрсдийн санаачилсан “IPO” клубын үйл ажиллагааг улам идэвхжүүлнэ. Хамгийн гол ажил бол “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийг Монголын Хөрөнгийн Бирж дээр гарч, арилжаа нээгдсэнийг бэлгэдэж хонхыг дуугаргах явдал юм. Бидний уриа бол хүчтэй, хамтдаа.