“Эрдэнэс Тавантолгой” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах хүсэлтээ 362 мянган хүн гаргасан. Тэгвэл хувьцааны төлбөрийн эхний хэсэг болох 100142 төгрөг энэ долоо хоногт арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрлээ.
Ингэснээр зах зээлд 32 тэрбум төгрөг бэлнээр нийлүүлэв. Тэгвэл энэ мөнгийг хэрхэн ашиглах талаар санхүүгийн шинжээч Ч.Эрдэнэдалай ийн зөвлөж байна.
-Энэ бол гэнэтийн олз учир үрж, зарах хэрэггүй. Иргэд хувьцааны мөнгө орохоос өмнө ч амьдрал ахуйгаа зохицуулаад л байсан. Тиймээс энэ боломжийг ашиглаад мөнгөө хадгалах хэрэгтэй. Монгол өрхийн олонх нь хадгаламжгүй байгаа. Харин одооноос хуримтлал хийж эхэлье гэж уриалж байна. 100 мянган төгрөгөөрөө гэрээсээ холхон байрлах банкинд хугацаагүй хадгаламж нээ. Дараагийн 200 мянган төгрөгөө ч хадгал.
Барууны орнуудад иргэд нь цалингийнхаа 10 орчим хувийг хадгалж заншсан байдаг. Тиймээс манайхан ч бага багаар хадгалах хэрэгтэй. Хожим тэтгэвэрт гарсан хойно хадгаламж чинь хэрэг болно шүү дээ. Мөн гэнэтийн орж ирсэн мөнгийг гэнэтийн үйл явдалд зориулж хадгалах нь ч зөв.