Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр НӨАТ-н сугалааны 12 дахь тохирол явагдаж, нийт 9246 азтан тодорчээ. Тус тохирол нь шинэчилсэн журмаар явагдсан НӨАТ-ын анхны сугалааны тохирол болж байгаа аж. Шинэчилсэн журмаар сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар заажээ.
Тэгвэл өнөөдөр Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулга шинэчилсэн журмаар явагдсан НӨАТ-ын сугалаа болон азтануудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сугалаа болохоос 24 цагийн өмнө бүртгэгдсэн, тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн 9.230.542 баримтыг оролцуулсан. 20000 болон 100000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэгдэнэ. Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.
Сугалаа явагдаж эхэлснээс хойш иргэд нийт 1.4 тэрбум төгрөгийн хонжворыг гар дээрээ аваад байна. Цаашид сугалаа сард нэг удаа зохион байгуулагдана. Харин одоог хүртэл хонжворын мөнгө дансанд нь ороогүй иргэд дансныхаа мэдээллийг дахин нягтлан шалгах хэрэгтэй. Дансны мэдээлэл буруугаас болж НӨАТ-ын сугалааны хонжвор орохгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна" гэлээ.