“Банкны үйлчилгээ авахад хэцүү болох нь дээ. 1072 хувьцаагаа зарах хүмүүс банкинд хандаад, банк ч үйлчилгээ үзүүлээд эхэлчихжээ. Цахим машинаас лавлагаа авах гэсэн, данс нээлгэх гэсэн хүмүүсийн урт дарааллыг далимдуулсан архи дарс үнэртүүлсэн хэцүү хүмүүс, нялх нярай хүүхдээ тэвэрсэн залуус, хар халуунд хөлсөө цувуулсан хөгшид... хажуугаар нь халаасны хулгайч... гээд нөгөө 20,000-д яаж оочерлодог байлаа, яг л тийм эмгэнэлт дүр зураг эргэн ирэв бололтой. Эмзэглэл, бухимдал...Эрх баригчид ирэх сонгуулиа бодож зориуд иргэдээ өлөн ходоод, хоосон хэтэвчтэй байлгах бодлого барьсан ч юм шиг... ийм зүйлээр хуурч сонгуулийн санал авдаг байдлыг энэ мөчөөс халах юм шүү, сонгогчидоо. Ухаантай сонголт хийцгээе” хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа бичсэн байв.
Үнэхээр ч өөрт байгаа хувьцааныхаа 30 хувь буюу 322-ыг Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдахыг хүссэн иргэд өглөө 06.00 цагаас эхлэн банкны гадаа дугаарлаж эхэлсэн. Энэ дүр төрх одоогоос сар гарангийн өмнө ч үзэгдэж байсан. Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг үл мэдэх иргэд 800 мянгаас 1 сая хүртэлх төгрөгөөр худалдан авч байна гэх цуурхал тарж, иргэд 10 гаруй хоног Урт цагааны гудамжаар эргэлдсэн. Үүний үр дүнд хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй, цаг зав ажлаа алдсан. Тэгвэл өнөөдөр ч мөн тэр дүр зураг бий болжээ. Гэхдээ энэ удаад ор сураггүй нэгэн “эрхмээс” бус арилжааны банкуудаас авахаар болов. Тиймдээ ч арилжааны банкууд урт дараалалд дарагдаж, үндсэн үйлчилгээ авах гэсэн иргэд нэлээд бухимдалтай байсан юм. Энэ үеэр хувьцаагаа худалдах гэсэн иргэдийн байр суурийг тодрууллаа.
Иргэн А: Би өглөө 08:00 цагт ирж оочерлосон. Одоо 10 цаг болж байхад орж чадаагүй л байна. Ер нь эндээс ард түмний амьдрал хэр доройтсон байгааг харж байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэд ус, нүүрс, түлээгээ хэдэн төгрөгөөр авч байгаа билээ, дээрээс нь тог цахилгаан, хоол хүнсний үнэ өнөөдөр хэд байгаа билээ. Ингэж өгсөн нь зөв гэж бодож байна.
Иргэн Ж: Ард түмний амьдрал үнэхээр туйлдаа хүрчээ. Яг л Энэтхэг улс шиг болох нь. Зарим нь хэт баян, тал нь хэт ядуу. Нийгмийн дундаж давхарга гэдэг зүйл байхгүй болж. 3 жилийн өмнө иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэж худлаа яриад алга болсон биздээ. Одоо өгөх нь зөв шдээ. Амьдрах хэцүү болж байгаа өнөө үед хэн ч гэсэн авахыг хүснэ биз дээ.
Иргэн Д: Эх орны хишгийг ард түмэн тэгш хүртэх ёстой. Дээрээ хэдэн тэрбум төгрөгөөр нь хувааж идэж болоод байхад бид яагаад 300 мянган төгрөг авч, амьдралаа залгуулж болохгүй гэж. Үнэхээр мөнгө төгрөгтэй бол энд оочерлож, цаг заваа үрэх хэрэг байхгүй. Харин мөнгө үнэхээр хэрэгтэй болоод л зогсож байна шүү дээ.
Иргэн Х: Энэ дунд албаны хувцасласан хүмүүс огт алга, дандаа бор амьдралтай борчууд л зогсож байна. Оюутнууд, хөгшчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь бүгд авах эрхтэй.
Харин нөгөө талаас эдийн засагчид, шинжээчид, хөрөнгийн мэргэжилтнүүд огт өөр өнцгөөс тайлбарлаж байсан юм. Энэ талаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяраас тодрууллаа.
-Өчигдрөөс эхэлж иргэд 1072 хувьныхаа 30 хувь буюу 322 ширхэгийг Засгийн газарт худалдаж эхэлсэн. Үүнийг эдийн засагчид огт өөр өнцгөөс тайлбарлаж буй. Тэгвэл мэргэжлийн хүний үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
-Аливаа нэгэн компанийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахдаа тухайн компанийн үйл ажиллагаа, тайлан балансыг сайтар судлах хэрэгтэй. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайлан баланс алдагдалтай, ганц экспортод гаргадаг бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан байгаа. Дээрээс нь Төрийн өмчит, үйл ажиллагаа нь олон нийтэд хаалттай байдаг. Тиймээс үнэ цэнийг л сайн харах хэрэгтэй. Өнөөдрийн 300 мянган төгрөгийн үнэ цэнэ, хэдэн жилийн дараах үнэ цэнэ хэд болох вэ гэдгийг судлах хэрэгтэй. Би лав хувьдаа 300 мянган төгрөгөө бэлэн мөнгөөр нь ав л гэж хэлнэ.
-Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа бол?
Засгийн газар арилжааны банкуудаас 1.65 их наяд төгрөгийн бондыг хэдэн хувийн хүүтэйгээр босгож байгаа бол гэдэг өөрөө их сонирхолтой асуулт юм. Тэгэхээр байхгүй мөнгийг бий болгож байна гэдэг бол эргээд бидний халааснаас гарна гэсэн үг. Бид нар өнөөдөр 300 мянган төгрөг авч байгаа юм шиг боловч эргээд төлөөсөө төлнө.
-“Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжих ёстой гэж үзэж байна вэ?
Энэ бол үнэт цаасны тухай хуулиараа зохицуулагддаг санхүүгийн нэгэн хэрэгсэл. Тийм болохоор бүртгэгдэх ёстой, дээр нь арилжаа ил тод нээлттэй явагдах ёстой. Үүнээс гадна хувьцааг хэзээ ч арилжааны банкуудаар хийгддэггүй юм. Зөвхөн брокер дилерийн компаниудаар дамжигдан хийгдэх ёстой.
Харамсалтай нь, сонгуулийн жил бүр “Эрдэнэс Тавантолгой” гэх компанийг гаргаж ирж, хөрөнгийн зах зээлийг самардаг жишиг тогтчихлоо. Сонгогчдын санал авахын тулд зориудаар ийм ажил хийж байна гэж хүн бүр хардахаар байна шүү дээ. Бүхэд бүтэн 5 жилийн турш энэ асуудлыг шийдээгүй байж хэдхэн хоногт ингэж байхгүй мөнгийг бий болгож, дотоодын банкуудаас хүүтэй зээлж өгч байгаа юм бэ.