Өнөөдрийн Засгийн газрын худалдааны ТОВЧ МЭДЭЭ:
- Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2013-2016 онд цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагч нарт нэг удаагийн тэтгэмж олгох зардалд шаардагдах таван тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
- Хоёр талын дипломат төлөөлөгчийн газарт газар болон байр ашиглуулах тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрахад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
- Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
- “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд 2016 онд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал, Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн Эрчим хүчний хэлхээ холбоо олон улсын семинарыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.