Нийслэлийн авто замын газрын захиалгаар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн ажилчид энэ онд 2000 гаруй метр хашлагыг шинээр нэмж барьжээ. Нийслэлд одоогоор авто замын тоноглолын нийт 9000 гаруй хайс, хашлага байгаа аж. Замын хашлага барьснаар зам тээврийн осол буурч байгааг нийслэлийн замын цагдаа нар онцолж байгаа юм.
Нийслэлд байгаа замын хашлагуудын 2000 гаруй метр буюу Долоон буудал, Барс захын болон Ленин клубын хойд замын хашлагууд хуучирсан байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн авто замын засвар, арчлалтын газраас эдгээр хуучин хашлагуудыг хотын зах хэсэг рүү шилжүүлж, төв хэсгээр тухайлбал, Энхтайвны өргөн чөлөө орчмоор шинээр хайс барьсан байна.
Гэтэл зам тээврийн ослын үед болон замын хөдөлгөөнд оролцогчдын ухамсаргүй үйлдлээс болж зарим хайс хашлаганд эвдэл нэлээд гардаг байна. Замын хашлага эвдсэн тохиолдолд тухайн хэргийн эзнээр хашлагын үнийг төлүүлж байгаа юм байна.