АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Мьянмад тавьсан импортын хоригоо суллахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнийг АР уламжиллаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр үг хэлэхдээ тэрбээр энэ тухай өгүүлсэн байна. Мьянма дахь ардчилсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлэн АНУ-ын эрх баригчид ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.
Түүнээс гадна Мьянмагийн бага орлоготой иргэдэд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаар дамжуулан тусламж үзүүлэх хуулийн төслийг АНУ-ын Конгресс удахгүй хэлэлцэнэ.
Мьянмагийн цэргийн хунтын халааг авсан шинэ Засгийн газар ардчиллыг хөгжүүлэх, иргэдийн эрх чөлөөг хамгаалах талаар арга хэмжээ авч байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хоёр улсын харилцаанд шинэ үе шат эхэлж байгааг албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ оны хоёрдугаар сард АНУ Мьянмад тавьсан хоригоо хэсэгчлэн цуцалж, эдийн засагт нь хөрөнгө оруулахаар хэлэлцэж буй. “Total”, “Coca-Cola”, “MasterCard” зэрэг олон улсын компани Мьянмагийн зах зээлд хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
Х.ОД