Маргааны эх сурвалж болоод байгаа Сенкаку арлаас Тайванийн загас агнуурын онгоцуудыг хөөхдөө Японы эргийн хамгаалалтын алба усан буу хэрэглэхэд хүрсэн аж. Японы эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэнээс үзвэл Сенкаку аралд дөхөж очсон хөлөг онгоцуудыг өчигдөр усан хилээс гаргаж чаджээ. Энэхүү зөрчлийг Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура тайлбарлахдаа арлуудаас эхтэй маргааныг хоёр орны “сайн хөршийн харилцаанд нийцүүлэн” шийдвэрлэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Япон улс өөрийн нутаг дэвсгэр гэж үзээд байгаа Сенкаку арлын асуудлаар санал бодол зөрж буйгаа Тайвань урьд нь илэрхийлсэн. Түүгээр ч барахгүй загас агнуурын 40 орчим онгоцыг эргийн хамгаалалтын найман хөлгөөр хамгаалуулан тийш нь илгээсэн байна. Дорнод Хятадын тэнгист байдаг Сенкаку арлыг өөрийн нутаг гэж үзэж буй гуравдагч этгээд нь Тайвань юм. Эдгээр бүлэг арал нутаг дэвсгэрийн асуудлаар Япон, Хятадын маргааны шалтгаан болсоор ирсэн юм.
Тэгтэл таван арлын гурвыг нь улсын болгох шийдвэрийг Японы тал гаргаснаас болж үүний эсрэг олон түмний тэмцэл Хятадад эхэлсэн. Хятадууд эсэргүүцлээ илэрхийлэх явцдаа дайрч довтлох үйлдэл хийснээс Японы хэд хэдэн компани үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүй болоод байгаа аж.