ХАМАС бүлгийн тэргүүний суудлаа орхих бодолтойгоо Халед Машаль олны сонорт хүргэснийг Associated Press агентлаг уламжлав. Хэдэн өдрийн өмнө Каирт болсон тус хөдөлгөөний удирдлагын уулзалт дээр Машаль ийм мэдэгдэл хийжээ.
Тэгэхдээ 2012 оны эцсээр болох хөдөлгөөний шинэ тэргүүний сонгууль болтол тэрбээр албаа хаших аж. Машаль албаа өгөх нь хөдөлгөөний бодлого өөрчлөгдөхөд хүргэхгүй, тэр дундаа Израилийн талаар баримтлах бодлого нь хэвээр байх болно хэмээн ХАМАС-ын удирдлага баталж байна.
Халед Машаль 1996 оноос ХАМАСыг тэргүүлж байгаа юм. Байгууллагынхаа удирдлагыг “шинэ цусаар сэлбэхийн” тулд уг албанд гурав дахь удаагаа улиран сонгогдохыг тэрбээр хүсэхгүй байгаа аж. Машаль энэ албаа өөр хүнд өгсөн ч ФАТХ хөдөлгөөний төлөөлөл голлох үүрэгтэй байгаа Палестины чөлөөлөх байгууллагад дээгүүр албан тушаалд очиж болзошгүй бололтой.
Өөр нэг эх сурвалжаар бол тухайн үедээ ХАМАС бүлгээс гаралтай хүмүүс үүсгэн бий болгосон “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөний удирдлагад орж ч магадгүй гэнэ. Машалийн одоогийн албанд очих хүмүүсийн тоонд түүний орлогч Муса Абу Марзук, Гаазын зурвас дахь ХАМАС-ын Засгийн газрын тэргүүн Исмаил Хания нар багтаж буй юм байна.