БНАСАУ-ын эрх баригчид хөдөө аж ахуйн салбартаа шинэчлэл хийж, ургацынхаа 50 хувийг өөрсдөдөө үлдээхийг тариаланчдад зөвшөөрөх гэнэ. “Reuters” мэдээлснээр, өмнө нь тариаланчид бүтээгдэхүүнээ тогтсон үнээр улсад худалддаг байсан юм. Харин тэд ургацаа өөрийн үнээр зах зээлд нийлүүлбэл үйлдвэрлэлийнх нь ашиг нэмэгдэж, үнэ өсөхөөс сэргийлэн, мөн өлсгөлөнтэй тэмцэхэд нөлөөлөх гэнэ.
Умард Солонгосын Парламент ээлжит бус чуулганаараа эдийн засаг, ХАА-н салбарын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх аж. Гэвч тодорхой арга хэмжээ авах, өөрчлөлтийг эхлүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй байна хэмээн ажиглагчид онцолж буй. Тус улсын залуу удирдагч эцгийнхээ баримталж ирсэн хатуу зарчмаас хазайж, сүүлийн 20 жилд уналтад ороод байсан эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө зүтгэж магадгүй хэмээн зарим ажиглагч үзэж байна. Умард Солонгосын ард түмэнд жилд таван сая тонн буудай, таван сая тонн төмс шаардлагатай. Гэвч сүүлийн 20 жилд ургац муудаж 4.7 сая тонноос хэтрэхээ больсон байна.
НҮБ-ын мэдэгдэж буйгаар, тус улсын хүн амын бараг тал нь хангалттай хооллож чаддаггүй аж. Өнгөрсөн зун БНАСАУ-д нүүрлэсэн байгалийн гамшиг, ган, үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж өгөх Сөүлийн саналыг Пхеньян хүлээн аваагүй юм. БНСУ 10 тонн гурил, гурван сая хайрцаг бэлэн гоймон, эм бэлдмэл өгөхийг хүссэн ч БНАСАУ-ын эрх баригчид уг тусламжаас татгалзсан билээ.
Х.ОД