Зураач, дуучин Йоко Оно “Битлз” хамтлагийн гишүүн агсан Жон Ленноны нэрэмжит энхтайвны шагналыг ОХУ-ын панк хамтлаг “Pussy Riot”-д олгохоор шийдвэрлэснийг “Reuters” уламжлав. АНУ-ын Нью-Йорк хотод болох шагнал гардуулах ажиллагаанд тус хамтлагийн гишүүн Надежда Толоконниковагийн нөхөр Петр Верзилов оролцох гэнэ.
Жон Ленноны эхнэр Йоко Оно, хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын АНУ дахь төлөөлөгч Сюзан Носсел нар шагналыг гардуулах аж. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө тэмцсэн хэмээн “Pussy Riot”-ын гишүүдийг үнэлж буйгаа Йоко Оно илэрхийлжээ.
Тус хамтлагийнхнаас гадна Израиль дахь палестинчуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцэж яваад амиа алдсан Рэйчел Корри, зохиолч Кристофер Хитченс болон “Confessions of an Economic Hit Man” номын зохиогч, хүний эрхийн төлөө тэмцэгч Жон Перкинс нарт Жон Ленноны нэрэмжит энх тайвны шагнал олгохоор болжээ. 2002 оноос уламжлагдсан уг шагналыг хоёр жилд нэг удаа олгодог юм.
Х.ОД