Хятад, Японы хооронд маргаан тарьсан арлуудыг тойрсон асуудал хурцадсаар байна. Сенкаку арлыг эзэмшигчдээс нь худалдан авах гэж буйгаа япончууд мэдэгдсэний дараа Хятадын томоохон хотуудад үүнийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өрнөөд буй. Японы эсрэг жагсагчид саяхан АНУ-аас Бээжинд суугаа Элчин сайд Гэри Локийн автомашин руу дайрсан тухай “Fox News” мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гаригт 50 хүн Америкийн ЭСЯ-ны дэргэд цуглаж, элчин сайдын машин руу дайрсан гэнэ.
Дипломат төлөөлөгчийн газрын харуул хамгаалалтын албаныхан хууль сахиулагч нартай хамтран жагсагчдыг зогсоож чадсан аж. Элчин сайд эсэн мэнд үлдсэн бөгөөд жагсагчид машиныг нь гэмтээсэн гэнэ. Одоогийн байдлаар, Хятадын 100 гаруй хотод эсэргүүцлийн арга хэмжээ болж байгаа бөгөөд Шанхайд болсон жагсаалд 16 мянган хүн оролцжээ. Мөн Японд үйлдвэрлэсэн автомашиныг шатаах тохиолдол олон гарлаа. Түүнээс гадна Бээжингийн машин угаалгын газрууд Японд үйлдвэрлэсэн төмөр хүлгийг угаахаас татгалзаж эхэлсэн гэнэ. БНХАУ-д ажиллаж, амьдарч буй япончууд аюулгүй байдалдаа санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд дэлгүүр, үйлдвэрээ ч түр хугацаагаар хаахаар шийджээ.
Энэ маргааны улмаас Японы Кобе хотод байдаг хятад сургуулийг шатаасан хэрэг ч гарсан байна. Галыг даруй унтраасан тул хэн нэгэн хүн бэртэж гэмтээгүй, түлэгдээгүй аж. Хууль сахиулагчид гал тавьсан хүмүүсийг эрэн сурвалжилж байна. Өнгөрсөн мягмар гаригт Фүкүока дахь Хятадын Консулын газрын байранд гал тавихыг оролдсон тухай хууль сахиулагчид мэдэгдэв. Гал тавихыг завдсан этгээд цагдаагийн хэсэгт очиж, хэргээ хүлээсэн байна.