Эрх баригчид ард түмнээ гомдоох үе цөөнгүй. Гэвч хийсэн бүхнийхээ төлөө хүлцэл өчих нь ховор. Хэн ч уучлалт гуйх дургүй, энэ утгаараа улс орнууд хүмүүсээс ч дор. Яагаад гэвэл эх орон нь ард түмнээсээ уучлалт гуйхын тулд үүнийг эхлээд улст өрчид ярих хэрэгтэй, харин улстөрчийн хувьд энэ нь сул дорой байдлын илэрхийлэл ч байж мэднэ.
Хүлцэл өчихийн оронд нөхөн төлбөр олгох нь илүү амар гэж үзэх нь ч бий. Нөгөө талаас бид биш тэд буруутай гэж хэлэх нь хамгийн амархан. Чех, хуучнаар Зүүн Герман, Балтийн орнуудад хэлмэгдүүлэлтэд бол тухайн орны улс төрийн систем, эрх баригчид буруутай гэх үзэл тогтсон, Өмнөд Африкт ч ийм механизм байдаг.
Өнөөгийн нийгэмд гэмт хэрэг гэж тооцогддог үйлдлийг зуун жилийн турш хийсэн улс яах ёстой вэ? Тэр тусмаа энэ үйлдэл тус улсын түүхийн нэг хэсэг бол ард түмний өмнө хэн тэргүүнээ гудайлгах вэ? АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландад энэ асуултад хариу олдохгүй байсаар олон жилийг үдсэн.
Өнгөрсөн зууны эхээр л улс орон ард түмнийхээ өмнө үйлдсэн нүглийнхээ төлөө уучлалт эрэх ёстой гэсэн уриа сонсогдох болжээ. Уугуул оршин суугчдад газар олгох, өөрсдийнх нь хуулиар амьдруулах, татвар нэхэхгүй байх алхмыг АНУ эхэлсэн. Шинэ Зеландын Засгийн газар Маори омгийнхноос 130 жилийн өмнө булааж авсан 360 га газрыг тэдний эзэмшилд өглөө. “Нутгийн оршин суугчдын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог сүйтгэсэн үйлдлийнхээ” төлөө канадчууд 1998 онд албан ёсоор хүлцэл өчив. Австрали улс аборигенч үүдээс хүн ёсоор уучлалт гуйсныхаа ачаар ямар нэгэн нөхөн төлбөр төлөлгүй, олон улсын шүүхэд дуудагдалгүй өнгөрсөн юм. Австралийн уугуул иргэдийн хүүхдүүдийг “цагаануудын” дунд нийгэмшүүлэх гэж эцэг, эх төрөл саднаас нь салгаж байсан явдал 1809 оноос эхэлжээ.
Их Британиас ирсэн цагаан арьстнууд Австралийн нийгэмд давамгайлж, соёл, ахуй, заншлаа арлын эздийнхээс дээгүүрт тавихаа зүй ёсны хэрэг гэж үзэх болжээ. ХХ зууны эхэн үед цагаан хүмүүс тусгай хууль гаргаж, аборигенчүүдийн эрх чөлөөнд халдах болов. 1970- аад оныг хүртэл аборигенчүүд үр хүүхдээ өөрсдөө өсгөн хүмүүжүүлж чадахгүй байсан юм. Нярайгаас эхлээд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг эцэг эхээс нь салган, асрамжийн газарт байлгаж, заримыг нь үрчлүүлж байв. Асрамжийн газарт өсс өн хүүхдүүд соёлт нийгэмд дасахаасаа илүү биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх, сэтгэлзүйн дарамтад орох нь олон байлаа. 1997 онд тусгай комисс гаргаж, “нийгэмшсэн” хүүхдийн тоог гаргахыг оролд жээ. Хүүхдээсээ салсан эцэг эхчүүд тэднийгээ олон жилийн турш хайж, насанд хүрсэн хойно нь олж уулзсан тохиолдол ч бий.
Өнгөрсөн зууны сүүлчээр л олны анхаарлыг татаж, нийтийг хамарсан уучлалын аяны хүрээнд эрх баригчдын, төр засгийн гайгаар хагацал амссан бүх хүнээс хүлцэл өчжээ. “Хулгайлагдсан үеийнхэн” хэмээн нэрлэгдсэн эдгээр хүүхдийн тухай олонд мэдээлэх, эцэг эхтэй нь уулзуулахад туслах талаар арга хэмжээ авч Үндэсний хүлцлийн өдөр зарлаж, нөхөн төлбөр олгох сан байгуулав.
Австралийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жон Ховард уучлалт эрэхээс цааргалж байсан ч энгийн иргэдийн уриалга хүчтэй байлаа. 1998 оны тавдугаар сарын 26-нд Сидней хотын оршин суугчид анх Хүлцлийн өдрийг тэмдэглэсэн бөгөөд 2008 онд шинэ Ерөнхий сайд Кевин Радд ажлаа хүлээн авснаас хоёр өдрийн дараа ард түмнээс, хулгайлагдсан үеийнхнээс, нутгийн уугуул иргэдээс албан ёсоор уучлалт гуйсан юм.
Хэсэг бүлэг хүний санаачилсан үйлдэл олон хүн, тэр тусмаа хүүхдүүдийн насан туршийнх нь амьдралыг толботуулсны төлөө тэргүүнээ мэхийлгэж чадсан нь австраличуудын гавьяа билээ.
Х.ОД