-“Мэргэжлийн” индианууд жуулчдыг хуурдаггүй, олон омгийн хамгийн содон заншлыг өөртөө шингээсэн шинэ үнэнг бий болгодог-
Эквадорын жижиг хотуудад хамгийн содон мэргэжлүүд байдаг гэхэд хилсдэхгүй. Сан-Антонио-деИбаррад сүмийн сахиусан тэнгэрийн баримлуудыг сэргээн засварлаж, XVI зууны үеийн шүүгээ, XVIII зууны модон хайрцгийг дуурайлган хийнэ. Отавалод бол нэхмэлчин олон, харин Пуйод халуун ногооны нэг төрөл болох корицаг саваа модоор хатаадаг мэргэжилтнүүд амьдардаг. Саласакагийнхан малчин, эсвэл лам гөрөөсний зурагтай ноосон цамц нэхэхдээ гаргуун бол Сальседогийн найман настай балчираас наян настай буурал нь хүртэл зайрмаг хийж чаддаг гэнэ. Мисауаигийн оршин суугчид харин индиан хэмээх “мэргэжилтэй”.
Хоёр гудамж, таван сүмтэй Мисауаиг хот гэхэд хэцүү гэж жуулчид ярьдаг. Магадгүй хотхон, эсвэл суурин гэвэл зохилтой. Гэвч Эквадорын газрын зурагт тэмдэглээстэй, жуулчдад зориулсан мэдээлэлд хотын нэр дандаа дурдагдана. Мисауаи гол Напод цутгах газраас Амазонк мөрөн эх авдаг гэж оршин суугчид нь үздэг.
Амазонкийн омгийнхны шуарууд хэлийг эквадорчууд албан ёсны хоёр дахь хэл болгосон. Мартагдсан, испанитай сүлэлдсэн шуар омгийнхны хэлийг Мисауаигийн оршин суугчид ярина. Гэхдээ шуарууд энэ хотод хэзээ ч амьдарч байгаагүй гэж түүхчид үздэг. Тулалдах, идэхээс өөр ажилгүй цэргүүд, номлогчид, нефть олборлогчид хотын оршин суугчид байж. Эквадорын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг Мисауаид цэлмэг тэнгэр, цэнгэг ус, цэвэр агаар, олон төрлийн ургамал, амьтан бий. Харин тэнд жинхэнэ индианууд л дутуу байж.
Эрх дураараа, ширэнгийн амьдралын төрхийг гаргахад уулнаас бууж хотод суурьшсан индианууд тохирохгүй. Өөрсдийг нь сониучирхан харах олон нүд, тал талаас нь зургийг нь авах жуулчдын үймээн индиануудыг уурлуулж ч мэднэ.
Ийм учраас адилхан загвартай байшинд амьдардаг, ногоо тарьдаг, тахиа тэжээдэг, цэнхэр банзал, ногоон цамц өмсдөг, гар утас барьдаг жирийн л оршин суугчид индианаар ажиллах болжээ. Толгойдоо өд хатгаж, нүүрэндээ элдэв дүрс зураад тэд ажилдаа гарна.
Онгон байгаль, индиануудын амьдралыг харах гэсэн жуулчдад үйлчилнэ. Шуар омгийн индианууд намхавтар нуруутай, чийрэг, гайхалтай тэсвэр тэвчээртэй, олсоор хийсэн хувцас өмсөж, чихэндээ ээмэг зүүнэ. Мэргэжлийн индианууд ч иймэрхүү л харагдана. Жуулчид ирээгүй үед хот эл хуль, харин моторт завины дуу гарвал “амь орно”. Охид норвеги, англи, орос, америкуудын өмнө бүжиглэхийн тулд хувцсаа сольж, нүүрэндээ хээ зурна. Хөл нүцгэн бүсгүйчүүд гадилаар амталсан гамбир хийн, эрчүүд нь харийнханд ан хийх, ширэнгэн ойн хуулийг тайлбарлахад бэлдэнэ.
Индианаар хэр олон жил ажилласан болон авьяас, ур чадвараар нь мэргэжлийн буюу сонирхогч хэмээн ангилдаг аж. Мэргэжлийн индианууд хэзээ ч үйлчлүүлэгчээ хулхидахгүй, ажлаа хийж байхдаа шуар хэлээр ярьж, тэдний хийдэг зүйлсийг чин сэтгэлээсээ хийнэ. Харин сонирхогчид зарим тохиолдолд “дүр эсгэнэ”. Испаничууд энэ хотод ирэхээс өмнө шуар хэлэнд “үгүй” гэдэг үг байгаагүй юм гэдэг. Тэд хэнд ч татгалзаж чадахгүй, сонсохыг хүссэнийг тань ярьж, харахыг хүссэнийг тань харуулдаг байж. Өнөө ч мэргэжлийн индианууд тийм.
Тэд амралтын үеэрээ байшин барьж, зурагт үзэж, ширэнгэн ойг хамгаалж, усаа хайрлана. Харин ажилдаа олон хувцас хувцас өмсөж, толгойдоо олон өнгийн өд хатгаж, бөөд итгэнэ. Нэг хүн хоёр өөр цаг хугацаанд дахин дахин очих мэт тийм л амьдрал. Өөр соёл, өөр иргэншлийг хамтад нь цогцлоож чадсан индиан хэмээх мэргэжил.
Мэргэжлийн индианууд үлгэр ярих дуртай. Үнэнч хайр, баатарлаг үйлс, эр зоригийн тухай сэтгэл догдлом түүх олныг мэддэг гэнэ. Магадгүй заримыг нь зохионо. Гэхдээ яг л үлгэр шиг амар сайхан жаргана. Тэд өөрсдийнхөө төсөөллөөр индиануудыг бүтээж, багагүй мөнгө олдог. Ажилдаа дуртай.
Барилгачин, инженер, эмч, багш биш харин индиан мэргэжилтэй болно гэдэг хүн болгонд тохиох хувь биш учраас.
Х.ОД