Иракийн Бенгази хотод сууж асан Америкийн элчин сайдын амийг хөнөөсөн хэргийг олон талаас нь харсан хүмүүс “өдөөн хатгалга” гэж үзэж байна. Америкийн израиль гаралтай нэг иргэн “Би энэ киног улс төрийн өдөөн хатгалгын зорилгоор хийсэн юм” гээд хэлчихэв. Үнэхээр ч тийм байсан бололтой, лалын ертөнцийн уур хилэн, хэрцгий догшин хандлага үүнийг гэрчилнэ.
Лалын шашинтнууд ихэд гомдож, бухимдсан янзтай байна. Тэдний хувьд шүтээнийх нь эсрэг чиглэсэн явуулгад хариу барихаас аргаг үй байх бололтой. Америкийн тэр кинонд лалын шашинтай хүмүүсийг гомдоосон нь сэтгэлгээний чөлөөт байдал, хувийн үзэл бодлоо илэрхийлэхийн зааг хязгаарыг даваад гарчихсан гэлцээд байна.
Ардчиллын нэг шалгуур нь шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах явдал гэж үздэг аж. Тэгэхдээ лалын шашинтнуудын аливаа эсэргүүцэл ямар ч нөхцөлд хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, хүний амь хохирооход хүрэх учиргүй билээ. Лалын шашинтны чин үнэн дүр төрхийг харлуулж байгаа үзэл баримтлал, тайлбарууд ямар их хор хохирол учруулж байдгийг бид сайн мэднэ. Америкийн элчинг алсан нь наад зах нь хоёр өнцгөөс харахад өдөөн хатгалга мөн юм. Нэгдүгээрт, суннит, шийтүүдийн зөрчлийн араас лал болон христос шашны хоорондуур хар муур гүйлгэх хөрсийг бэлтгэхээр төлөвлөж байна. Хоёрдугаарт, Ливид болсон энэ өдөөн хатгалга Америкт болох Ерөнхийл өгчийн сонгуультай холбоотой байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Обамаг дахин сонгогдоход саад хийх зорилго агуулсан байж болно. Байдлыг ажихад дахин сонгогдохын тулд Обама сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр гадаад бодлогын асуудлаас хөндий байгаад байна. Сирийн асуудлаас зэнзийрхээд байгаагийн гол шалтгаан ч энэ юм.
Сонгуулийн сурталчилгаа хариуцсан хүмүүс одоо Ливи, Ирак, Сирийн талаар ямар нэг үг хэлэхийг хүсэхгүй байна. Ливид болсон дээрх үйл явдал Обамад дарамт шахалт үзүүлэхэд чиглэсэн, сонгууль болоход сар хагасын хугацаа үлдээд байхад түүнийг алдаа гаргахад хүргэх зорилготой байхыг үгүйсгэх аргагүй юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль Америкт төдийгүй дэлхий дахинд бүхэлд нь хамаатай. Ливид Америкийн элчин сайдын амийг хороосон нь асар их хор уршигтай зөрчил тэмцэл өдөөсөн бусад түүхэн үйл явдлуудыг сануулж, энх тайван гээч юм ямар хэврэг болохыг харууллаа. Цөмийн зэвсгээр цатгалдсан манай дэлхийд тайван амгалан байдал ноёлж байна гэж нотлохыг оролддог ч энэ байдал нэг л агшинд өргөн цар хүрээтэй, түүхэнд дүйх юмгүй сүйрэл-дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болох юм. Болзошгүй энэ явдал хэзээ ч бодит байдал болж мэднэ. Энх тайван тогтоох, үг хэлээ ололцох талаар ард түмнүүд хүчин чармайлт гаргавал л харин энэ болзошгүй байдлыг алга болгож чадна.
...Тэдний нэг нь Лос-Анжелесээс холгүй байх жижиг хотод олонд төдийлөн алдаршаагүй буяны нэгэн байгууллагыг удирдаж байжээ. Нөгөө нь шоронгоос дөнгөж гарч ирээд шатахуун түгээх газарт ажиллаж байв. Египетээс цагаачилсан ийм л хоёр хүн өнгөрсөн онд “Мусульманчууд буруугүй” гэдэг кино бүтээжээ. Тэгэхдээ тэдний ард Media for Christ гэдэг буяны байгууллагын эзэн Жозеф Насралла, шоронд хоригдож байсан Накула Бессли нар байгаа нь есдүгээр сарын 13-нд тодорхой болов. Орлого багатай энэ киноны сурталчилгаа сүүлийн өдрүүдэд Арабын ертөнцийг хамарсан хүчирхэг давалгаа үүсэх шалтгаан боллоо. Накула киноны зураг авах талбар болгож гэрээ ашиглуулж, жүжигчдийн хөлсийг төлсөн байна. Тэрбээр Associated Press агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа киноны зураг авч байх үед менежерийн үүрэг гүйцэтгэсэн, найруулагчаар ажиллаагүй гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, киног бүтээхэд оролцоогүй гэсэн аж. Тэгвэл зураг авах үед зөвлөхөөр нь ажилласан нэгэн Насраллаг ч “кинонд ямар ч хамаагүй” гэж хэлжээ.
Гэтэл кино зураг авах эрхийг Media for Christ байгууллагад өгсөн нь цагдаагийн байгууллагын даргын өрөөнд байхад тодорхой болсон гэж Дуарте хотын захиргааны нэгэн ажилтан Лимэдэгдсэн байна. Уг кинонд тоглосон Тим Дэкс гэдэг жүжигчин өдөрт 75 долларыг Бэссли Накула гэдэг хүний хадгаламжаас чекээр авдаг байсан гэж ярьжээ. Насралла сүүлийн жил үүдэд лалын шашныг шүүмжлэхэд өөрийгөө зориулж иржээ. Үзэл бодлоо энд тэнд үг хэлэхдээ, сурвалжлагчтай ярилцахдаа илэрхийлдэг байна. Энэхүү Насралла өөрийн хувийн хөрөнгөнөөс 30 мянган доллар зарж Media for Christ буяны байгууллагаа 2005 онд байгуулжээ. Тус байгууллага “Мусульманчууд буруугүй” киноны зургийг авч байсан 2011 онд найман хүнд нэг сая доллар өгсөн байсан нь татварын тайлангаас тодорхой болжээ. Хотынхоо цагдаагийн байгууллагын даргыг олны сайн мэдэх лалын шашны нэг байгууллагатай нягт хамтарч ажилладаг хэмээн Насралла лалын шашныг идэвхтэй эсэргүүцэгч Стив Кляйн гээчтэй хамтран шүүмжилдэг байв. “Христос шашин шүтдэгийнхээ улмаас хүчирхийлэлд өртөөд байсан учраас би гэр бүлээ аваад Америк руу зугтсан юм.
Тойргийн цагдаагийн байгууллагын дарга Бакийг ажлаас нь халж, Мусульманы ахан дүүс гэдэг байгууллагынхны гарт зовж зүдэрсэн хүмүүсээс тойргийн эрх баригчид уучлалт хүсэх ёстой” гэж Насралла өнгөрсөн онд хэлснийг Лалын шашны эсрэг сурталчилгаа явуулдаг нэгэн сайт олны сонорт хүргэсэн байна.
Насралла 2010 онд Нью-Йорк хотноо хэлсэн үгэндээ Египетийн христос шашинтнуудын эсрэг явуулж буй хүчирхийллийг ихэд шүүмжилж, урьд нь Дэлхийн хуралдааны төв байсан буйран дээр лалын шашны сүм барихаар гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн аж. Тэгээд “Америк минь сэр! Америкт лалын шашин дэлгэрүүлэхийг зогсооё” хэмээн уриалсан байна.
Накула, Насралла хоёр хэрхэн танилцсан нь тодорхойг үй. Накулагийн талаар сэжиг бүхий яриа нэлээн байдаг аж. Түүгээр ч барахгүй түүний үйл ажиллагааны зарим нь эрүүгийн хэргийн шинжтэй гэгддэг байна. Тэрбээр 1997 онд мансууруулах бодис наймаалсан, 2010 онд хулгайн хэрэгт орооцолдож байжээ. Шүүхийн хавтаст хэргийн материалаас үзвэл Накула шатахуун түгээх газрыг удирдаж байхдаа маш олон янзын зохиомол нэр ашигладаг байсан аж. Шоронд 21 сар ял эдлээд өнгөрсөн оны зун суллагдсан байна. Зөнч Мухаммед цусанд хутгалдсан сэлэм далайн “шүтлэггүй хүн бүр найдваргүй амьтан” хэмээн өндөр дуугаар хэлж байна. Хоёр цаг үргэлжилдэг “Мусульманчууд буруугүй” киноны зарлал дээр ийм шог зураг байжээ. Энэ киноны бүх юм нь мэдэгдэм хуурмаг. Гол дүрийг бүтээгч нь ажилдаа өнгөц хандсан нь илт. Зургийг нь авах гэж ёстой оромджээ. Цаана харагдаж буй цөлийг гэрэл зургаар харуулахаа ч юман чинээ бодсонгүй.
Зөнч Мухаммедийг өөрийнхөө тухай ариун судар бүтээхийг өтөл настай мэргэн хүнээс хүсч байгаагаар кинонд харуулсан нь түүнийг шал мунхаг амьтан болгож орхиж. Гурван сар зураг авахад 65 жүжигчин, 45 техникийн ажилтан оролцжээ. Киног олон түмэнд үзүүлсний маргааш нь түүний найруулагчтай холбогдох гэж Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнууд оролдоод бүтээгүй ч тэрбээр Associated Press агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа “Лалын шашин бол хорт хавдар юм. Энэ бол шашны биш улс төрийн агуулгатай кино. Энэ киногоор лалын шашинтнуудад цохилт өгөх зорилго тавиагүй, харин лалын шашин нь эвдэж сүйтгэх үзэл суртал гэдгийг л харуулах гэсэн юм” гэж хэлсэн нь хүмүүсийн сонорт хүрчээ.
Р.ЖАРГАЛАНТ