АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67-р чуулган эхэллээ. Чуулганаар хэлэлцэх гол асуудал бол хямралыг зохицуулах, улс орнуудын аюулгүй байдлыг хангах хэмээн чуулганы дарга Сербийн Гадаад хэргийн сайд асан Вук Еремич мэдэгдлээ.
“Энхтайван, аюулгүй байдал аливаа улс орны тогтвортой байдлын гол түлхүүр төдийгүй хөгжлийн эх юм” хэмээн тэрбээр онцлов. Мөн улс орнууд тэгш эрхтэй партнерын ёсоор цугладаг энэ чуулганаар НҮБ бол олон улсын дипломат харилцааны юугаар ч орлуулшгүй хэрэгсэл болохыг батална гэж Вук Еремич өгүүллээ.
Энэ жилийн чуулганаар улс орнуудын тайван байдлыг хадгалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг 150 гаруй сэдвийн дагуу хэлэлцэх аж. Мөн байгаль орчныг хамгаалах, гамшиг, хямралд өртсөн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг чухал асуудалд анхаарлаа хандуулах гэнэ. Энэ сарын 25-29-нд дэлхийн улс төрийн талаар хэлэлцүүлэг өрнөх бөгөөд үүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлнэ.
Х.ОД