Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө жилийн дотор 14 хувиар өсөж, нийт 6.2 их наяд ам.долларт хүрсэн тухай санхүүгийн судалгааны “X-Wealth” байгууллага мэдэгдлээ. Тус байгууллагын явуулсан мониторингоор, өнгөрсөн оны долоодугаар сарын 31-нээс энэ оны мөн үе хүртэлх хугацаанд дэлхийн тэрбумтнууд активуудынх нь үйл ажиллагааг хянах, сайжруулах менежерүүдийг өндөр үнээр хөлслөн ажиллуулсан нь тэдний хөрөнгө өсөхөд нөлөөлжээ.
Сүүлийн 12 сарын дотор тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй хүний тоо 9.4 хувиар нэмэгдэж, 2160-д хүрсэн гэнэ. Гэвч баячуудын хөрөнгө өсөхийн сацуу бага зэргийн бизнесменүүдийн орлого улам багасах хандлага ажиглагдаж буй. 200-999 сая ам.долларын хөрөнгөтэй иргэд Европын өрийн хямрал зэрэг хүчин зүйлээс болж их хохирол амссан аж.
“X-Wealth”-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, дэлхий даяар 30-аас дээш сая ам.долларын хөрөнгөтэй 187 мянган хүн байдаг бөгөөд тэдний нийт хөрөнгө өнгөрсөн жилд 1.8 хувиар буурсан гэнэ.