ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын геологич, эрдэс судлаачид очир эрдэнийн томоохон орд илрүүлжээ. Хүрээлэнгийн захирал Николай Похиленкогийн хэлснээр, уг орд газрын алмааз дэлхийн зах зээлд хувьсгал хийж магадгүй гэнэ. Красноярскийн хязгаар, Якутийн хилд орших орд газрыг 1970- аад онд илрүүлсэн ч өнөөг хүртэл чандлан нууцалсан гэх таамаглал ч гарлаа.
Энэ ордын нөөц хэдэн их наяд каратаар хэмжигдэнэ. Энэ нь дэлхийн бүх нөөцөөс ч илүү гэсэн үг хэмээн ажиглагчид онцолж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ газарт өмнө нь солир унаж байсан учир алмааз нь байгалийн болон синтетик алмаазнаас хэд дахин илүү хатуу, том хэмжээтэй гэнэ. Гэхдээ уг ордод олборлолт хийхийн тулд эрдэс судлал, техник, эдийн засгийн талаас дорвитой судалгаа хийх шаардлага байгаа аж.