Сенкаку буюу Дяоюйдао арлыг тойрсон маргаан даамжирч, Япон дээрх арлуудыг худалдан авахаа илэрхийлэн, харин хятадууд үүнийг эсэргүүцэн жагсаж эхэллээ. Япон улс дээрх арлуудыг “өөрийн болгож” байгааг эсэргүүцсэн хөдөлгөөн БНХАУ-д өрнөв.
Бээжин дэх Японы Элчин сайдын яамны дэргэд цугласан хүмүүс “Япончууд гэртээ харьцгаа”, “Дяоюйдао бол Хятадынх” гэсэн лоозон барьж жагссан байна. Түүнчлэн Шанхай, Гуанжоу, Циндао болон Чэндү зэрэг томоохон хотод эсэргүүцлийн жагсаал болсон тухай “Синьхуа” мэдээлжээ.
Шэньжэнь хотод болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч ашиглахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Япон, Хятад улс дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн том гэгдэж буй эсэргүүцлийн арга хэмээнд 80 гаруй мянган хүн оролцож байна. Япончууд Сенкаку бүлэг арлын дөрвийг нь эзэмшигчдээс нь худалдан авна гэсэн мэдээлэл хятадуудын дургүйцлийг төрүүлж, Бээжин дээрх арлыг өөрийн газар нутаг гэж үзэж буйгаа илэрхийлэн, эргүүлийн усан онгоц илгээсэн билээ. Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Ёшихико Нода Хятадын талд хандан иргэдийнх нь эрх ашигт халдсан, хүчирхийлсэн арга хэмжээгээ зогсоохыг шаардлаа.
БНХАУ-д амьдарч буй япончуудын дэлгүүр, үйлдвэр рүү хүмүүс дайрч, “Toyota”, “Nissan”, “Honda” маркийн 100 гаруй автомашиныг шатаасан хэрэг гарлаа. Маргаантай арлуудын талаар хоёр тал хатуу байр суурьтай, түүнээ өөрчлөх бодолгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг ажиглагчид онцолж байна.
Х.ОД