Саддам Хусейнийг хүчээр унагасны дараа Иракийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Тарик аль-Хашимид Иракийн Дээд шүүх энэ сарын 9-нд цаазаар авах ял оноов. Харин Тарик альХашими өнгөрсөн тавдугаар сард Турк рүү зугтаж амжжээ. Энэ хүн чухам хэн болохыг цухас боловч танилцуулъя.
Туркийн Засгийн газар түүнийг Иракт эгүүлж өгөхөөс татгалзсан тухай “Франспресс” агентлаг мэдээллээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоган “Бид түүнд найртай хандахаас татгалзахгүй. Туркэд тэр хэдий болтол ч байсан болно. Бид түүнийг буцааж тушаахгүй.
Турк улс Хашимийг сайн мэднэ. Ирактай нөхөрсөг харилцаатай байсан 10 жилийн хугацаанд энэ хүний байр суурь, зан аашийг андахаа байсан учраас түүнийг буруутай гэдэгт үл итгэнэ” гэж хэлжээ. Түүний хэлснээс үзвэл Хашими нь суннит үндэстэн бөгөөд Иракт болсон зөрчил тэмцлийн улмаас төрөл садныхаа олон хүний амийг хөнөөлгөсөн, түүнд тулгаад буй гэмт хэргийг үйлдэх хүн биш гэнэ. Түүнийг Иракийн шийт үндэстнүүдийн эсрэг “үхлийн эскадрон” зохион байгуулсан гэж буруутгаад байгаа юм.
Тэрбээр курдууд оршин суудаг умард нутаг руу зугтаж, тэндээсээ Катараар дамжин Туркэд очсон байна. Катарт түр байхад нь ч Иракийн Засгийн газар түүнийг эргүүлж тушаахыг шаардаж байв. Иракийн Ерөнхий сайдын орлогч Хуссейн альШахристаны хэлснээр бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас нуугдаж байсан Хашимиг эх орноосоо гарч явах боломж олгосон курдийн автономит мужийн эрх баригчид хууль зөрчсөн аж. Хашимиг Катарт ирмэгц нь төрийн сайд нь хүлээн авч уулзаж байжээ. Америкийн цэргийг Иракаас гармагц шийт үндэстнээс бүрдсэн Засгийн газар суннитүүдийг олноор нь хоморголон мөрдөж мөшгиж эхэлжээ. Тэгээд алан хядах ажиллагааг дэмжсэн хэрэгт буруутай хэмээн үзэж суннит үндэстнийг байн байн бөөнөөр нь цаазлах болсон байна. Шүүгчид ийм шийдвэр гаргахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмыг ямагт зөрчиж байна гэж НҮБ-ын ажиглагч үзэж байгаа юм.
Хашими Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа суннит үндэстний хамгийн нөлөө бүхий улстөрч гэгдэж байв. Тэрбээр 2009 оны тавдугаар сар хүртэл Иракийн лалын намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тарик аль-Хашими 1942 онд Багдад хотод төрсөн байна. 1959-1962 онд Цэргийн академид суралцаж, хожим нь эдийн засгийн ухааны магистрын зэрэг хүртжээ. 33 настайдаа цэргийн албыг орхиж, улстөрчийн замыг хөөв. Түүнийг Ерөнхий сайд Нури-аль-Маликийн тэргүүлж байсан Засгийн газрыг унагах зорилготой үйл ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн дэмжлэгтэйгээр оролцож байсан гэж 2006 онд USA Today сонинд мэдээлж байсан байдаг. Тэрбээр 2007 онд Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдогантай уулзахдаа Иракийн Засгийн газар Курдийн ажилчны намын эсрэг хийх тэмцэлд нь Турк улстай хамтарч ажиллахад бэлэн гэж мэдэгдэж байжээ.
...2011 оны арванхоёрдугаар сард Хашимигийн бие хамгаалагчдаас 13-ыг нь Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлав. Хашимиг хилийн дээс алхахыг нь Засгийн газар хориглолоо. Шийтүүдийн эсрэг алан хядах ажиллагаа явуулдаг суннитийн үхлийн отрядын дайчдын нэлээд нь түүний бие хамгаалагч болон бусад ажилтнууд байдаг гэж Иракийн Засгийн газар үздэг. Түүнийг баривчлах шийдвэр гаргаж, тэсрэх бөмбөгөөр цохилт өгөх ажлыг зохион байгуулсан гэж буруутгасан юм. Ингэхдээ бие хамгаалагчдынх нь мэдүүлгийг үндэслэл болгожээ. Иракийн Дээд шүүх Хашимиг дүүжилж хороох шийдвэрийг хэдхэн өдрийн өмнө гаргахдаа түүнийг өмг өөлөгч, генерал хоёрын амь насыг хохироосон хэрэгт буруутгажээ. Хүргэнийг нь бас энэ хэрэгт оролцсон гэж үзэж мөн цаазлах ял оноосон. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй байх юм. Тарик аль-Хашими болохоор өөрт нь хүлээлгэх гэсэн бүхий л бурууг үгүйсгэдэг.
Хашимигийн өмгөөлөгч Обейд аль-Еззи шүүх хуралдаан дээр төгсгөлийн үг хэлэхдээ шүүхийг улс төрийн дарамт шахалтад байна гэж мэдэгдлээ. Хашими өөрөө энэ сарын 10-нд Туркийн Анкара хотод сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийг өө болон хамгаалагчдаа огт буруугүй гэж мэдэгдээд, шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж буйгаа хэлжээ. Хашимигийн улс төрийн холбоотон Нада аль-Жабоури ч шүүхийн шийдвэрийг улс төрийн сэдэлтэй” гэж үзэв. “Эрх чөлөө” радио станцын сурвалжлагч Елена Солнцевагийн мэдээлснээр бол Хашими одоо Туркийн Истамбул хотод тусгай албаны хүмүүсийн хамгаалалтад байгаа аж. Түүнийг хэрэг түвэгт холбогдуулаад байгаа нь Иракийн удирдлагын хүрээн дэх шашин хоорондын сөргөлдөөнтэй холбоотой байж болох юм гэж Хашими өөрөө үзэж буй гэнэ.
Хашими лалын шашинтай суннит үндэстэн бол Иракийн одоогийн Ерөнхий сайд Нури аль-Малики шийт юм. Ер нь өнгөрсөн оны эцсээр Америкийн цэрэг гарч явсны дараа энд шашин хоорондын тэмцэл ихээхэн хурцдаад байгаа юм байна. Өөрт нь оноосон шүүхийн ял олон нийтэд тодорхой болсны дараа Хашими Туркийн эрх баригчидтай уулзжээ. Хашими дараа нь сэтгүүлчидтэй уулзахдаа Иракийн иргэдийг Ерөнхий сайд Нури аль-Маликийн дэглэмийн эсрэг тэмцэж, нийгэмд ан цав гаргахыг уриалжээ. Түүнд цаазаар авах ял оноосон энэ сарын 9-ний өдөр Иракийн 13 хотод алан хядах ажиллагаа болж 100 орчим хүн нас барж, олон арван хүн шархадсан байна. Хашимид ял өгснөөс хойш шийт, суннит үндэстнүүдийн харилцаа ихээхэн ширүүслээ гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Хашимигийн бие хамгаалагч Одай Гази-Амин гэгч Саддам Хусейний үед Иракийн армид алба хааж явжээ. Тэгээд 2008 онд Хашимигийн мэдэлд ажиллах болсон байна. Одоо болохоор тэрбээр Хашимигийн эсрэг мэдүүлэг өгч эхэлжээ. Түүний ярьснаас үзвэл өнгөрсөн оны есдүгээр сард Дэд ерөнхийлөгчтэй уулзсан аж. “Улсын эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн офицерийн амийг хороох ажлыг даалгахаар төлөвлөж” байгаагаа тэр үед Хашими хэлжээ. Дараа нь бригадын генерал Талиб Балаасимийг алах үүрэг өгчээ. Энэ даалгаврыг Амин биелүүлсэн гэнэ. Тэгвэл өөр нэг бие хамгаалагч үүнийг үгүйсгэж, генерал руу ах, бид хоёр гал нээсэн, Амин биш гэсэн аж.
Р.ЖАРГАЛАНТ