Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Консулын газар руу зэвсэглэсэн этгээдүүд дайрчээ. “Reuters” мэдээлснээр, хэт даврагчид Консулын газрын байр руу дайрч, гар бөмбөг шидсэн бөгөөд Ливийн армийнхан, зэвсэглэсэн этгээдүүдийн хооронд мөргөлдөөн болсон байна. Хууль сахиулагчид дипломат төлөөлөгчийн газрыг бүсэлж, хөрш гудамжийг хаасан гэнэ. Ливийн эрх баригчдын мэдэгдэж буйгаар АНУ-ын телевизээр гаргасан киног эсэргүүцсэн лалын шашинтнууд дээрх халдлагыг зохион байгуулжээ.
Есдүгээр сарын 11-ний халдлагын тухай кинонд зөнч Мухаммедийг доромжилсон утгатай зүйл олон байсан гэж лалын шашинтнууд үзсэн гэнэ. Халдлагын үеэр Консулын газрын байранд гал гарч, АНУ-ын нэг иргэн нас барж, өөр нэг хүн шархаджээ. Мөн Египетэд ч эсэргүүцлийн жагсаал болсон аж. Жагсагчид Каир дахь Америкийн ЭСЯ-ны дээвэр дээр гарч, тус улсын төрийн далбааг урж, үймээн дэгдээсэн тухай “Интерфакс” уламжлав.
Одоогоос 11 жилийн өмнө болсон аймшигт халдлагын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр Америкийн Төрийн тэргүүн Барак Обама “Ямар ч халдлага бидний зарчмыг өөрчилж чадахгүй. Манай улс илүү хүчтэй болсон” хэмээн онцолсон юм. Мөн америкчууд “АльКаида” тэргүүтэй алан хядах бүлэглэлтэй тэмцэж байгаа болохоос лалын шашинд дайсагнаагүй гэж тэрбээр мэдэгдэв. Дашрамд өгүүлэхэд, есдүгээр сарын 11-нийг америкчууд Эх орончийн өдөр болгон зарлажээ.
Х.ОД