АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнийн санхүүгийн активуудын талаарх мэдээллийг нэг сая ам.доллараар худалдан авахаа “Hustler” сэтгүүлийн эзэн Ларри Флинт мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай зарыг “Washington Post”, “USA Today” сонинд нийтлүүлжээ. “Митт Ромнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдаагүй активуудын талаарх баримт материалыг олж өгсөн хувь хүн, байгууллагад нэг хүртэлх сая ам.долларын шагнал олгоно” хэмээн тэрбээр онцлов. Митт Ромни 2011 онд олсон орлогоо барагцаагаар мэдэгдэж, 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ танилцуулсан юм. Харин түүнээс өмнөх үеийн хөрөнгө орлогын мэдүүлгээ олонд ил гаргахаас татгалзсан бөгөөд “Ардчилсан намынханд шүүмжлүүлэх шалтаг гаргамааргүй байна” гэсэн аж. Бүгд найрамдах намын сунгаанд түүнтэй хамт өрсөлдсөн Ньют Гингрич Митт Ромнийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн шүүмжилж байсан билээ.