Оросын бизнесмен, улс төрийн зүтгэлтэн Борис Березовский, Роман Абрамович нарын маргааны дуулиан Лондонд үргэлжилсээр байна. Р.Абрамовичийн эрх ашгийг шүүхийн өмнө илэрхийлсэн өмгөөлөгч Лорд Жонатан Сампшин Их Британийн түүхэнд байгаагүй их шагнал авах нь хэмээн “The Sunday Times” мэдээлэв. Тэрбээр эл хэрэгтэй холбоотой баримт, материал цуглуулах болон шүүх хурлын үеэр ажилласныхаа хөлсөнд 5.81 сая, өөр бусад зардлыг нөхөхөд хоёр сая фунт авах гэнэ. Жонатан Сампшин Их Британид болсон шүүх хурлуудын үеэр хамгийн их шагнал авсан өмгөөлөгчөөр тодроод байна. Харин Б.Березовскийн өмгөөлөгч Лоренс Рабинович түүнээс дөрөв дахин бага буюу 1.8 сая фунтийн цалин авчээ. Б.Березовский одоогоос таван жилийн өмнө Р.Абрамовичийг шүүхэд өгсөн юм. Зарга мэдүүлэгчийн өгүүлснээр, Абрамович 2000 оны эхээр “Сибнефть”, “Русал” зэрэг компанийн хувьцааг бага үнээр зарахыг шаардсан бөгөөд үүнээс болж Борис Березовский 5.5 тэрбум ам.долларын хохирол амссан гэнэ.