БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань болон Гуйжоу мужийн заагт газар 5.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 80 гаруй хүн амиа алджээ. Гамшигт нэрвэгдсэн бүсээс одоогийн байдлаар 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч 730 хүн хохирол амсаад байна. Газар хөдөлсөн бүсэд оршин суудаг 200 мянган хүнд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, 6650 барилга сүйдэж, зам, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан гэнэ. Тухайлбал, цахилгаан дамжуулах сүлжээ, цэвэр ус, бохирын шугам гэмтжээ. ОХУ-ын Владивосток хотод Ази, Номхойн далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож байсан БНХАУ-ын тэргүүн Ху Зиньтао гамшигт нэрвэгдсэн бүсэд тусламж үзүүлэх зарлиг гаргалаа. Тус улсын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябао газар хөдлөлт болсон мужид очин нөхцөл байдалтай танилцжээ.