Канад улс Ирантай дипломат харилцаагаа тасалж, Тегеран дахь ЭСЯ-аа хаасан байна. Канадын Гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд өгүүлснээр, тус улсын бүх дипломатч Тегеранаас гарсан бөгөөд Ираны төлөөлөгчид ч тав хоногийн дотор Оттаваг орхин, нутаг буцсан байх ёстой гэнэ. Үүнээс хойш Иран руу зорчихыг хүссэн канадчууд Анкара дахь Консулын газарт хандах болсон аж. Түүнээс гадна Ираны паспорттой Канадын иргэдэд хандан хоёр улсын иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ Оттава албан ёсоор уламжлав. “Ираны дэглэм Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талынханд тусламж үзүүлсээр байна. Иран цөмийн хөтөлбөрийнхөө талаар гаргасан НҮБ-ын шийдвэрийг дагахаас татгалзаж, Израильд заналхийлж, арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлан гадуурхан, еврейчүүдийг хавчин хяхах хандлага гаргаж буй. Түүгээр ч зогсохгүй хүний эрхийг хамгийн их зөрчдөг орнуудын тоонд Иран багтаж, мөн алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдэд санхүүгийн тусламж үзүүлсээр байгаа учир дипломат харилцаагаа таслахаас өөр аргагүйд хүрч байна” хэмээн Канадын тал мэдэгдлээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Тегеранд хэт даврагч үзлийг дэмждэг залуус жагсаал зохион байгуулсны дараа Британийн дипломатчид тус улсаас гарсан юм. Түүнчлэн Европын холбоо Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. Тегеран цөмийн хөтөлбөрөө хумихаас өөр аргагүй байдалд хүргэх алхам хийх ёстой хэмээн Европын холбоо үзэж буй. ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Гидо Вестервелле цөмийн хөтөлбөрийн талаар Ирантай хийж буй “Их зургаа”-гийн хэлэлцээ үр дүнгээ өгөхгүй, мухардалд орох хандлагатай болсныг онцлов. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Иран энхийн зорилгоор уран баяжуулах эрхтэй ч энэ нь олон улсын аюулгүй байдал заналхийлж болзошгүй гэж мэдэгджээ. Их Британийн тал Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг дурдсан байна.