Евро бүсийн 17 орны ДНБ хоёрдугаар улиралд 0.2 хувиар буурсан тухай Европын холбооны Статистикийн албанаас мэдээлэв. Тус бүсийн орнуудын иргэдийн хэрэглээ 0.2 хувиар багассан бол, ХБНГУ-д ажилгүйчүүдийн тоо өсөөд буй. Тодруулбал, тус улсын ДНБ хоёрдугаар улиралд 0.3 хувиар дээшилсэн нь өмнөх улиралд 0.5 хувиар нэмэгдсэнээс буурсан үзүүлэлт юм. Мөн Италийн ДНБ дөрөв дэх улиралдаа буураад буй аж. Шинжээчдийн үзэж буйгаар тус бүсийн ДНБ гуравдугаар улиралд мөн л буурах төлөвтэй гэнэ. Үүнээс гадна Евро бүсийн орнуудын ажилгүйдлийн түвшин долоодугаар сард 11.3 хувьд хүрч, “амжилт” тогтоон, бизнес эрхлэгчдийн итгэл наймдугаар сард (тав дахь сардаа) буурсан байна. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг дэлхийн эдийн засаг өмнөх оныхоос агшихад евро бүсийн орнуудын эдийн засгийн нөхцөл голлон нөлөөлнө гэж мэдэгджээ. Тус агентлаг Европын Холбооны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөв тогтвортой байсныг сөрөг болгон бууруулаад буй. Гэхдээ Европын Төвбанкны евро бүсийн орнуудын Засгийн газруудын бондыг худалдан авах төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж магадгүй хэмээн “Bloomberg” дамжуулав. Өчигдөр ам.долларын эсрэг еврогийн ханш 0.1 хувиар бууран 1.2605 болов. Мөн иентэй харьцах уг валютын ханш 0.1 хувиар доошлон 98.8 боллоо.