Итали, Францын Гадаад хэргийн сайд нар Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм удахгүй унана хэмээн мэдэгдлээ. Үүний зэрэгцээ уг дэглэм унасны дараа сиричүүдэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болно хэмээн үзэж, үүнд бэлтгэлтэй байхыг улс орнуудад уриалжээ. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Италийн Гадаад бодлого хариуцсан газрын тэргүүн Жулио Терции нар Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштонд илгээсэн захидалдаа энэ талаар өгүүлсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар Ромд уулзахдаа мөн Сирийн талаар хэлэлцсэн билээ. Францын Төрийн тэргүүн Франсуа Олланд “Сиричүүд Башар Асадын дараа яах вэ гэдгээ бодох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна Сирийн сөрөг хүчнийхэн “Эх орноо аврах” чуулган зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.