АНУ-ын Умард Каролина мужийн Шарлотт хотод Ардчилсан намын их хурал эхэллээ. Энэ хурлаар одоогийн Төрийн тэргүүн Барак Обама, дэд Ерөнхийлөгч Жо Байден нарыг хоёр сарын дараа болох сонгуульд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр албан ёсоор батлах юм. Хуралд 50 мужийн 6000 гаруй төлөөлөгч оролцож буй.
Саяхан болсон Бүгд найрамдах намын их хурлын жишгийг дагаж нэр дэвшигчийн гэргий буюу Тэргүүн хатагтай Мишель Обама үг хэлсэн байна. Тэрбээр Барак Обамаг “Итгэл даах хүн” хэмээн тодорхойлж, түүний төлөө саналаа өгөхийг уриалжээ. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн хамтран зүтгэгч, ойр дотныхон үг хэлсэн аж. Тэд Ардчилсан намынхны хийж буй өөрчлөлт, шинэчлэлийг үргэлжлүүлэхийн тулд Барак Обамаг сонгох ёстой гэдэгт санал нэгдэж байв. Дашрамд өгүүлэхэд, Ардчилсан намын их хуралд ижил хүйстнүүд их ирсэн нь олны анхаарлыг татжээ. Тухайлбал, Конгрессийн гишүүн Жаред Полис, Барни Франк, Тэмми Болдуин нар хуралд оролцож байна. Хуралд оролцогчдын 100 гаруй нь лалын шашинтай аж.
Х.ОД