Баруун Африкийн Мали улсын армийнхан бослого гаргаж, Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан тухай AFP мэдээлжээ. Тус улсын нийслэл Бамако хотод болсон уг үймээний үеэр цэргүүд хэд хэд сайдыг барьцаалсан гэх мэдээлэл ч байна. Эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн цэргүүд Ерөнхийлөгчийн ордон төдийгүй төв телевизийн байр руу дайрсан гэнэ. Үүний улмаас Малийн телевизийн нэвтрүүлэг хэдэн цагаар тасалдсан байна. Төрийн тэргүүн Амаду Тумани Туре хаана байгаа нь одоогоор тодорхойгүй ч тэрбээр аюулгүй газарт байгаа хэмээн эх сурвалжуудад онцолжээ.
Малийн умард хэсэгт оршин суудаг омгууд бослого гаргаж, эрх баригчид түүнийг хүч хэрэглэн дарж буйг армийнхан эсэргүүцэж байсан аж. Мөн цэргүүдийн хангамжийг сайжруулахыг Засгийн газраас удаа дараа шаардаж байсан ч эрх баригчид үүнийг хүлээж аваагүй гэнэ. Энэ бүхэнд дургүйцсэн армийнхан Ерөнхийлөгчийн ордон, телевизийн байр руу дайрсан аж. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Амаду Тумани Туре энэ бүхнийг үймээн самуун хэмээн нэрлэж, төрийн эргэлт биш гэж “Twitter” дэх өөрийн хуудсандаа онцолжээ.
Мөн тус улсын төв хэсэгт орших Гао хотын цэргийн баазад бослого дэгдсэн байна. “Цэргүүд хэд хэдэн офицерийг барьцаалсан” гэж гэрчүүд энэ талаар ярьсан гэнэ. Армийнхан “Бидний тавьсан шаардлагыг эрх баригчид хүлээж авах ёстой. Үүнийг л бид хүссэн болохоос төрийн эргэлт хийх санаа байхгүй” гэж мэдэгджээ.
Х.ОД