Өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард Арабын орнуудад янз бүрийн шалтгаанаар, тэгэхдээ үндсэндээ эрх баригчдынхаа эсрэг чиглэсэн тэмцэл хөдөлгөөн эхэлсэн. Энэ үйл явдал Сири улсыг тойроогүй. Сири дэх тэмцэл гуравдугаар сарын 15-нд Дамаск хотод жагсаал болсноор бусад орнуудтайгаа хөл нийлүүлсэн юм. Харин байшингуудын ханан дээр Засгийн газрын эсрэг агуулгатай зүйл бичээд байсан хүүхдүүдийг гуравдугаар сарын 15-нд Дераа хотноо баривчилснаар эмх замбарааг үй байдал дэгдсэн билээ. Цагдаагийн болон аюулаас хамгаалах хүчнийхэн хүч хэрэглэж, хүний амь ч хохиров. Ерөнхийлөгч Башар Асад нь гуравдугаар сарын 30-нд Парламент болон ард түмэндээ хандаж хэлэхдээ, эмх замбараагүй байдлыг хилийн гаднаас өдөөсөн, тус улсад улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж байна хэмээн мэдэгдэв.
1963 оноос хэрэгжиж байсан онц байдлыг цуцалж буйгаа Башар Асад дөрөвдүгээр сарын 21-нд зарлалаа. Гэлээ ч Засгийн газрын эсрэг тэмцэл зогсоогүйгээр барахгүй харин ч газар авав. Дөрөвдүгээр сарын 25-нд армийн ангиуд Дераа хотыг бүсэлж, улмаар хуягт техникээр дэмжүүлэн хотод нэвтрэв. Чухам энэ үеэс Сирийн удирдлага армийн хүчийг ашиглаж эхэллээ. Дотоодын улс төрийн хямрал нь гүнзгийрэх тусам Сирид гадаад орнуудаас үзүүлэх дарамт шахалт хүчтэй болж цус урсгахаа зогсоохыг, Ерөнхийлөгчийг нь огцрохыг шаардах болов. Башар Асад болон Сирийн өндөр албаны зургаан хүний эсрэг АНУ хориг тавьж байгаагаа тавдугаар сарын 18-нд мэдэгдлээ.
Тав хоногийн дараа ийм арга хэмжээг Европын холбоо авав. Сирийн Ерөнхийлөгч хийгээд өндөр албаны 13 хүнийг Европын холбооны гишүүн орнуудад очихыг нь хориглож, хадгаламжинд нь байсан мөнгийг царцааж орхилоо. Хурандаа Риад аль-Асад гэгч долоодугаар сарын 29-нд сөрөг хүчний талд урваж, Сирийн чөлөөт арми байгуулснаа зарлав. Сирийн сөрөг хүчнүүд аравдугаар сарын 2-нд Истамбул хотод Үндэсний зөвлөл байгуулав. Тус зөвлөл Асадын дэглэмийг унагах зорилготой байлаа. Арабын орнуудын лиг Сирийн гишүүнчлэлийг зогсоож, арваннэгдүгээр сарын 27-ноос түүний эсрэг эдийн засгийн хориг тавив. Хэсэг хугацааны дараа Башар Асад Sunday Telegraph сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Сири бол бүс нутгийнхаа төв нь. Тиймээс Сирид байдлыг хурцатгавал бүс нутгийг бүхэлд нь хамрах болно. Та нар газар хөдөлгөх эрсдэлтэй юм хийж байна шүү. Дахиад нэг, эсвэл арван Афганистантай болмоор байна уу” хэмээн Өрнөдөд заналхийлээд авав.
Энэ оны хоёрдугаар сарын 26-нд шинэ Үндсэн хуулийн төслийн талаар бүх ард түмний санал асуулга явуулж, хүн амынх нь 89.4 хувь дэмжлээ. 1963 оны төрийн эргэлтээс хойш эрх мэдлийг эзэгнээд байгаа БААС намын удирдан жолоодох үүргийг цуцалж, олон намын тогтолцоотой байхаар Үндсэн хуулийн энэ төсөлд тусгасан юм. Үймээн тэмцэл эхэлснээс хойш Сирид 11 мянган хүн нас бараад байна гэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээ бий. Эндхийн байдал мөд тогтворжих төлөв алга. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд ч санаа тавиад үр дүн гарахгүй байна. Та бидний мэдэх Кофи Аннаныг НҮБ өөрийн элч-төлөөлөгчгч өөр илгээж хямралыг улс төрийн аргаар зохицуулах гэж оролдоод бүтсэнгүй. Энэхүү Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бөгөөд манай оронд зочилж байсан юм. Энэ бүхнийг хойш тавиад сүүлийн олон арван жил тус орныг удирдаж байгаа эцэг, хүү Асадуудын талаар уншигчдадаа сонирхуулъя.
Эцэг Хафез Асад 2000 оны зургаадугаар сарын 10- нд зүрхний дутагдлын улмаас амьсгал хураав. Түүний засаглалын үед Сирийн гадаад бодлого араб-израилын сөргөлдөөний зарчим дээр тулгуурлаж, 1967 онд болсон зургаан өдрийн дайны явцад Израиль булааж авсан Голаны өндөрлөгийг эргүүлж авахад чиглэж байв. Гэвч энэ санаархал нь 1973 онд бүтэлгүйтсэн юм. Хафез Асадыг өөд болсны маргааш Сирийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр Дэд ерөнхий лөгч Хаддам шийдвэр гаргаж, талийгаачийн хүү Башар Асадад дэслэгч генерал цол олгон Армийн дээд ерөнхий командлагчаар томилов. Түүгээр ч барахгүй Башар Асадыг уг суудалд сонгохын тулд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нас хуулиар 40 байсныг Сирийн Парламент 34 болгож өөрчлөв. Эрх баригч БААС намын их хурал зургаадугаар сарын 20-нд Башар Асадыг ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгож, улмаар Ерөнхийлөгчийн сон гуульд оролцох цорын ганц нэр дэвшигч болгов. Ингээд долоодугаар сарын 10-нд тэрбээр 97.29 хувийн санал авч Сирийн 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
2007 оны тавдугаар сарын 27-нд Башар Асад Төрийн тэргүүнээр дахин сонгогдов. Санал хураах хуудас дээр “2014 он хүртэл улс орноо Башар Асадаар удирдуулахыг та зөвшөөрөх үү?” гэсэн ганц асуулт бичсэн байжээ. Башар Хафез аль-Асад 1965 оны есдүгээр сарын 11-нд Дамаск хотод Сирийн Агаарын цэргийн хүчний командлагч, бригадын генерал Хафез Асадынд төржээ. Арабфранцын дээд зиндааныхны хүүхдүүд сурдаг “Хуррия” гэдэг лицейд бага, дунд боловсрол олжээ. 1982 онд лицейгээ дүүргээд, 1988 онд Дамаскийн их сургуулийн анагаах ухааны ангийг улаан дипломтой төгсөж, шүдний эмч болсон байна. Эхлээд Дамаскийн ойролцоох цэргийн эмнэлэгт ажиллав. 1991 онд Их Британид сурч мэргэжлээ дээшлүүлжээ. Хилийн чанадад байхдаа Сирийн Ерөнхийлөгчийн хүү гэдгээ мэдэгдэхгүйн тулд нууц нэртэй байсан гэдэг.
Эцэг нь ууган хүү Басилийг өөрийнхөө оронд Ерөнхийлөгчийн суудалд суулгах бодолтой байтал тэр нь 1994 онд автын ослоор амиа алдсан байна. Ахыгаа өөд болсны дараа Башар эх орондоо эргэж ирэв. Хомс хотод байх Цэргийн академид орж 1995 онд ахмад цолтой, танкийн батальон комндалж байлаа. 1999 онд түүнд хурандаа цол олгов. …Башар Асад эрх мэдэлтэй болмогцоо Израилийн цэргийг эзлэгдсэн нутгаас бүрэн гаргахаар эцгийнхээ баримталж байсан бодлогыг үргэлжлүүлэв. Алан хядах үйл ажиллагаа явуулдаг хэмээн дэлхийн хэд хэдэн улс хүлээн зөвшөөрсөн, Израилийн эсрэг илт тэмцдэг Хезболла, Хамас, Исламын жихад зэрэг цэрэгжсэн, зэвсэглэсэн бүлг үүдэд материал, техникийн дэмжлэг үзүүлдэг гэж Сирийг АНУ, Израиль болон Өрнөдийн орнууд зэмлэдэг байсан юм. Энэ шүүмжлэлийг Сири үгүйсгэдэг ч үнэн хэрэгтээ эдгээр бүлгийг дэмждэг байв. Тэгэхдээ л Израильтай хэл амаа ололцох боломж бий гэж Башар үздэг байснаас Израильтай энхийн хэлэлцээрийг сэргээхэд Сири улс бэлэн гэж 2003 оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан аж. Америк, Сири хоёрын харилцаа амаргүй байсаар.
Америкийн засаг захиргаа Сирийг 2002 онд “хорон санаатны тэнхлэг” гэгчид оруулав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг Сири үл хайхран Саддам Хусейний дэглэмийг зэвсгээр хангах ажиллагаанд оролцож л байсан аж. Башар Асад айлын гурав дахь хүүхэд нь юм. Ээжийг нь Анис гэдэг байв. Эднийх Башараас гадна Басиль, Махер, Мажид гэсэн гурван хүү, Бушра гэдэг охинтой байжээ. Башар Асад 2001 онд Хомс хотын уугуул, суннитийн нэртэй удмын Асма аль-Ахрастай гэрлэв. Хожим нь энэ бүсгүй “Манай гэр бүлүүд эртнээс биенээ мэддэг байсан. Бидний зуны амралт болж Сиридээ ирэхэд эцэг, эх маань ч амралтаа авна. Энэ үеэр Башар бид хоёр уулзана. Англид ч уулздаг байсан. Хүүхэд ахуйн үерхэл минь аяндаа хайр сэтгэл болж хувирсан” гэж ярьсан байдаг. Башарынх хоёр хүү, нэг охинтой.
Башар Асад арабаас гадна англи, франц хэл мэднэ. Эцэст нь сонирхуулахад, ард олны хөдөлгөөн эхлээд хоёр долоо хонож байхад 2011 оны гуравдугаар сарын 30-нд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад телевизээр гарахдаа сахалгүй болсон байсныг дэлхий дахин анзаарав. Улс төрийн шатаар ахих эхний гишгүүр дээр хөл тавихаасаа л санаа тавин ургуулсан сахлаа авчихсан нь ямар учиртай байв? Бельгийн зураач Эржа “Турноселийн явдал” зохиолд гардаг Бодурии хэмээх зохиомол улсын дарангуйлагчийг бусдаас онцгойлон ялгаруулах гэхдээ түүнийг сахалтайгаар дүрсэлсэн байна. Энэ бол 1956 онд болсон явдал. Тиймээс нэг хүний захиргаадлын дэглэмтэй хөрш орнуудынх нь удирдагчид суудлаасаа ховхроод байсан учраас Башар Асад дарангуйлагчийн билэг тэмдэг болсоор ирсэн сахлаасаа салахаар шийдсэн байж болох юм. Үнэндээ ч эр хүнд байдаг энэ хэсэгхэн үс Адольф Гитлер, Иосиф Сталин, Аугус то Пиночет гээд зард гарсан дарангуйлагчдын дүрийг хүмүүст санагдуулаад байх болсон юм. Өнгөрсөн хоёр зуунд байсан 147 дарангуйлагчийн 62 нь буюу 42.2 хувь сахалтай байжээ. Тэгвэл одоо цагийн ганц хүний захиргаадлын дэглэмтэй 19 улсын удирдагчийн 15 нь сахалтай аж.
Р.ЖАРГАЛАНТ