БНАСАУ-ын эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдийг албан ёсоор урьсан тухай “Reuters” дамжуулав. Олон улсын мэргэжилтнүүд энэ урилгын талаар тодорхой шийдвэр гаргаагүй гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн сард АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Бээжинд уулзаж хэлэлцээр хийсэн билээ. Умард солонгосчууд цөмийн төвдөө гадаадын мэргэжилтнүүдийг оруулахыг зөвшөөрсөн хэмээн уг хэлэлцээрийн дараа хэвлэлүүдэд мэдээлсэн юм.
Үүний хариуд Вашингтон Пхеньянд хүнсний тусламж үзүүлэхээр болсон аж. Мөн БНАСАУ цөмийн зэвсэг болон холын зайны тусгалтай пуужин туршихгүй хэмээн мэдэгдсэн аж. Гэсэн ч умард солонгосчууд “Унха-3” хэмээх пуужин хөөргөхөөр төлөвлөж байна гэх мэдээлэл гарч буй. Үүний зэрэгцээ Пхеньян уг пуужингаа зөвхөн энхийн зорилгоор хөөргөх гэж буйгаа илэрхийлжээ.