Өнгөрсөн даваа гаригт Францын Тулуза хотын “Оцар а-Тора” нэртэй еврейн сургуулийн хашаанд мотоцикль унасан этгээд орж, гал нээсний улмаас гурван хүүхэд, нэг хүн амиа алджээ. Өнгөрсөн долоо хоногт мөн энэ хотод гурван цэргийн амийг хөнөөсөн хэрэг гарсан. Хууль сахиулагчдын үзэж буйгаар эдгээр хэргийг нэг хүн үйлдсэн байж болзошг үй гэнэ.
Тулузын прокурор Ми шель Валегийн хэлснээр гэмт этгээд хоёр буутай байсан гэнэ. “Гэмт этгээд харсан бүхэн рүүгээ буудаж байсан” гэж гэрчүүд ярьжээ. Хүмүүс рүү буудсаныхаа дараа тэрбээр мотоциклио унан зугтаж одсон байна. Амь үрэгдэгсдийн дотор тус сургуулийн шашин судлалын багш, хоёр хүүгийнхээ хамт, мөн найман настай нэг охин байжээ. Мөн хэд хэдэн хүн шархадсаны дотор 17 настай хүү байсан аж.
Хохирогчдын нэрийг одоогоор нийтэд зарлаагүй байна. Тулуза хотод эмгэнэлт явдал болсны дараа Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Дотоод хэргийн сайд Клод Геан, Боловролын сайд Люк Шатель тэргүүтэй төлөөлөгчид тэнд очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Төрийн тэргүүн Н.Саркози болсон явдлыг “үндэсний гамшиг” хэмээн нэрлэж, мягмар гаригт орон даяар гашуудал зарлалаа. Тус улсад удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч Тулуза хотод айлчлахаа мэдэгдээд буй. Түүний зэрэгцээ тус мужийг халдлага гарах магадлал өндөртэй хэмээн улаан зэрэглэлтэй болгож буйгаа эрх баригчид мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт тус бүсэд мотоцикльтой этгээд цэргүүд рүү гал нээсний улмаас гурван цэрэг амиа алдсан бөгөөд гэмт этгээдийн золиос болсон цэргүүд африк гаралтай байжээ. Энэ хэргийг үйлдсэн хүн хамгаалалтын малгайтай байсан тул хяналтын камерт үлдсэн бичлэгээс түүнийг таних боломжгүй хэмээн хууль сахиулагчид өгүүлсэн байна. Цэр гүүдийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг өнгөрсөн бямба гаригт саатуулснаа Тулузын хууль сахиулагчид мэдэгдэж байсан бөгөөд сэжигтнийг байцаасны эцэст суллаж явуулсан гэнэ. Тулузад болсон хэргийг Парисаас тусгай мэргэжилтнүүд ирж мөрдөх аж.
Х.ОД