БНХАУ-ын түүх, дурсгалын үнэт өв болсон Хориотой хотоос жилийн өмнө хулгай хийсэн тариачныг шүүх хурал даваа гаригт боллоо. Тэрбээр 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 13 мянган юанийн торгууль төлөх болсон тухай “Синьхуа” агентлаг дамжуулав.
Хэрэгтэн Ши Байкуй Хятадын сүүлчийн Эзэн хааны гэрт нэвтэрч, урлагийн есөн ширхэг бүтээл хулгайлсан. Гэвч тэрбээр зугтах үедээ тавыг нь музейд орхисон аж. Хулгай хийсэн даруйдаа үнэт эдлэлүүдээ зарж чадаагүй учир үлдсэн дөрвийг нь хаясан хэмээн тэрбээр мэдүүлж байгаа ч одоогийн байдлаар ганцхан бүтээлийг нь олоод байгаа юм.
Гэмт хэрэг үйлдсэнээс хоёр хоногийн дараа Ши Байкуйг Бээжин хотын интернэт кафегаас илрүүлсэн гэнэ. Тариачин залуу Хориотой хотын дохиоллыг маш амархан салгасан учраас энэ хэргийн дараа музейн эрхлэгчид дохиоллын системээ сайжруулсан юм.