Филиппиний уугуул нутгийн оршин суугчид нохойдоо хөтөч хийхийг заадаг байна. “ССТV”-гийн сурвалжлагч сургуультай нохдын нэгээр хөтөч хийлгэж дараах мэдээллийг дамжууллаа. Филиппиний умард хэсгийн Банауэ тосгонд ноход жуулчдын анхаарлыг татахаар хоорондоо өрсөлддөг аж. Тэдний дунд аялал жуулчлалын хөтчийн “салбар”-ыг сүүлийн дөрвөн жил “монополчилсон” Эскаргот нэртэй нохой байдаг.
Тэрбээр их алдартай бөгөөд жуулчид ирэхээрээ Эскарготоор л хөтөчлүүлэх хүсэлтэй байдаг болжээ. “Миний нохой тун ухаантай, намайг эзгүй үед ч өөрөө мэдээд жуулчдыг аваад явчихдаг, учир нь тэр юу хийхээ маш сайн мэддэг” хэмээн Эскарготын эзэн Орландо Аддуг ярьсан байна. Гэвч сүүлийн үед нохдын дунд өрсөлдөөн чангарч, Эскарготын бизнес бага зэрэг уналтад орох хандлагатай байна.
Филиппинчүүдийн гол амин зуулга болсон 2000 жилийн түүхтэй будааны талбайд нь шавьж үүрлэж, хөрс нь муудсан учраас нөхөн сэргээлт хийх хэрэгтэй байгаа аж. Үүнд 120 сая орчим песо буюу гурван сая ам.доллар хэрэгтэй байгаа ч Засгийн газар 20 сая песо л төсөвлөжээ.
Нутгийн иргэд нохдоор хөтөч хийлгэж, олсон мөнгөө нөхөн сэргээлтэд зарцуулахыг зорьж байгаа аж. Ингэснээр тэд будаа тариалах талбайгаа хамгаалж чадна хэмээн найдаж байгаа гэнэ.
Г.ЗАЯА