ХБНГУ-ын Холбооны хурал чуулж, Төрийн шинэ тэргүүнээ сонгов. Ардчилсан Германы (хуучнаар) төр, нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч, пастор Йоахим Гаукийг Бундестагт суудалтай зургаан намын тав нь нэгдэж нэр дэвшүүлсэн билээ. Зүүний намууд нэгдэн 73 настай сэтгүүлч Беате Кларсфельдийн нэрийг дэвшүүлсэн юм. Тус улсын Үндэсний ардчилсан намынхан түүхч Олаф Розегийн нэрийг дэвшүүлжээ.
Холбооны зөвлөлийн чуулганд оролцсон 1240 хүний 991 нь Йоахим Гаукийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Беате Кларсфельдийг 126 хүн дэмжсэн байна. Харин Үндэсний ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө гурван хүн саналаа өгчээ. 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Йоахим Гаук өрсөлдсөн ч Кристиан Вульфэд ялагдсан билээ. Тус улсын Католик шашны хамба лам нарын зөвлөлийн тэргүүн Роберт Цоллич шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэлээ. Йоахим Гаук хөлөг онгоцны ахмадын гэр бүлд төрсөн. Дэлхийн II дайны үеэр түүний эцгийг баривчилсан нь Йоахимийн үзэл бодол төлөвшихөд ихээхэн нөлөөлжээ.
Сургуульд сурч байхдаа л тэрбээр коммунизмыг эсэргүүцдэг байсан бөгөөд түүнийгээ бусдаас нуудаггүй байж. Тэрбээр сэтгүүлч болохыг хүсдэг байсан ч Мекленбургийн протестант сүмийн пастор болсон байна. 1989 онд Йоахим ардчиллыг дэмжигч хүмүүсийн хамт сөрөг хүчний бүлгэм байгуулж, удирдагч нь болсон бөгөөд эрх баригчдын эсрэг жагсаал, цуглаанд идэвхтэй оролцдог байсан аж. 1990 онд Ардчилсан Германы Ардын танхимын гишүүн болжээ. Хоёр Герман нэгдэхийн өмнө тэрбээр Штазийн архивын тэргүүнээр томилогдож 2000 он хүртэл энэ албыг хашсан аж.
Х.ОД