Эд бол “дархлагдсан” юм уу зард гарсан гэмт хэрэгтэн биш, тэгсэн хэрнээ тэдний нэр хочийг сонсохоороо хамгийн өршөөлгүй дээрэмчний ч айдас төрөөд явчихдаг юм. Тэд тусгай албаныхны үйл ажиллагаандаа хэрэглэдэг аргыг хэрэглэн Оросын нийслэлийн гэмт хэргийн хүчирхэг бүлэглэлүүдийн хооронд яс хаяж чадна. Тэглээ ч удаан хугацаагаар “сүүдэрт” байх аргаа бас олно. “Ося” гэгчийн бүлэглэлийг арай гэж саяхан аюулгүй болгож чадсан нь олон жилийн хугацаан дахь хамгийн амжилттай ажиллагаа гэгдэх болсон юм.
90-ээд оны дунд үед Москвад бүгдэг Солнцевийн Коптевийн, Ореховын болон гэмт хэргийн бусад бүлэглэлийн талаар Холбооны аюулгүйн алба, Дотоод хэргийн яам хангалттай мэдээлэлтэй болсон байлаа. Гэтэл тэднийг өмгөөлж хамгаалдаг нөлөө бүхий хэд хэдэн хүн Москвад бараг гэнэт гэмээр бий болоотхов. Ося гэж хэн юм бэ хэмээн 1996 онд гэмт хэргийн ертөнцийн “хүнд гаруудын” аль нэгнээс асуувал “Сильвестрээс л асуу” гэх байсан биз. Энэ Сильвестр нь Сергей Тимофеев хэмээх эрүүгийн зартай этгээд юм. Энэхүү Сергей Буторин домог болсон хүн. Түүнийг тусгай албаны албан хаагч байсан гэлцдэг. Үнэн хэрэг дээрээ бол Москвагийн ойролцоох Одинцовод барилгын цэргийн ангид алба хааж байсан юм билээ. Армид байхдаа бокс “оролдож” байсан болохоор 80-аад оны эцсээр цэргээс халагдаад ах Александртайгаа нэгэн зоогийн газар хамгаалагч хийх болжээ. Ийм газар байнга болдог зэрлэг зодоонд гарамгайгаа Буторин харуулж чадаж байв. Тэгээд нэр цууд гарсан дээрэмчидтэй бишгүй хамтарч, бүр 1990 онд л олон түмний танил болсон, үнэт эдлэл цуглуулагч Владимир Магиусыг дээрэмдэж явсан байна.
Эднийхээс дээрэмдсэн зүйлс нь есөн сая долларын өртөгтэй байсан гээд бод. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд нөгөө Ося чинь Сильвестрийн ширүүн эрчүүдийг толгойлох болсон байлаа. 1994 онд Киевт алагдсан Григорий Гусятинский гэгч зард гарсан этгээдийн ивээлд явсан “одой” хочит Андрей Пылев түүнээс салахаа больжээ. Байдлыг анзаарахуй хожмоо домог болох хүчирхэг бүлэглэлийн “яс мод” энд зангидагдаж байв. Пылевийн ах Олег өөр бүлгийн гишүүн байлаа. Гэхдээ тэд хамтарч ажиллана. Гэтэл 1994 онд Сильвестр амь үрэгдэв. Үүнээс хойш Ореховын гэгдэх бүлгийн мэнгэ нь голлоно гээч болох нь тэр. Түүний хэд хэдэн толгойлогч ээлж дараалан алагдлаа. Гэтэл тэднийг устгах тушаалыг чухамхүү Ося өөрөө өгч байсан аж. Тэгэх мөртөө Ося хамтран зүтгэж байсан хүмүүсээ оршуулах ажиллагаанд өөрийн биеэр оролцож, тэднийхээ өшөөг авна хэмээн тангараглаж, ар гэрийнхэнд нь эд материалын тусламж үзүүлэх шийдвэр гаргана. Дашрамд хэлэхэд энэ үед нөгөө Буторин чинь өөрийгөө үхсэн хэмээн албан ёсоор зарлаж, 1995 онд ертөнцийг орхисныг нь гэрчлэх баримт НиколоАрхангельскийн оршуулгын газар бий болжээ.
Буторины бүлэгт хамгийн хар бор ажлыг нь “цэрэг Саша” хочтой Пустовалов гэгч гүйцэтгэнэ. Энэ хүн Техник мэргэжлийн сургууль төгсөөд “Рубин” гэдэг заводод ажиллахын зэрэгцээ жүдо барилдаж, төгөлдөр хуур тоглож байв. Армид тэрбээр тэнгисийн явган цэрэг байжээ. Тусгай отрядад нь алба хааж, халагдахдаа ахлагч цолтой болсон байв. Халагдсан хойноо тэнгисийн цэргийн албан хаагчийн ёслолын хувцастайгаа мань эр нэгэн зоогийн газар сууж байв гэнэ. Тэгтэл хааяагүй болдог байсан зодоон үүсэв. Александр Пустовалов тэнд ёстой юу чаддагаа харуулж, зодоонд оролцогчдыг бүгдийг “хавтгайлаад” хаячихаж. Хавтгайлуулсан хүмүүсийн дотор Осягийн бүлгийнхэн байж, тэд ид хавтай усан цэргийг хамтарч ажиллахыг санал болгосон аж. Ося гэгч ийнхүү шилдэг алуурчны нэгийг өөрийн болгож авчээ. Хожим нь “цэрэг Саша” олон хүний аминд хүрснээ мөрдөн байцаалт дээр хэнэг ч үгүй хүлээж байсан гэдэг.
Яагаад хүмүүсийн амь хохироосноо огтхон ч айж сандралгүйгээр “Би цэрэг хүн, энэ бол миний хийх ёстой ажил” гэж хэлж байжээ. Москвагийн биеэ үнэлэгч хүүхнүүд өглөгч, дэг журамтай “цэрэг Саша” руу хошуурч байсан аж. Пустовалов өөрийгөө хөлсний алуурчин гэдгийг хүүхнүүдийн заримд нь шулуухан хэлэхэд ийм сэтгэл татам аятайхан залуу хэн нэгнийг ална гэдэгт тэд итгэхгүй, наргиан гэж бодоод л өнгөрдөг байв. Гэтэл Саша юуг, яаж хийхээ мэддэг нэгэн байлаа. Түүний гарт арваар үл тоологдох бизнесмен, гэмт хэргийн ертөнцийн нэр алдартнууд амиа алдсан байдаг. Александр Солоник гэгчийн амыг “цэрэг Саша” Грект барьчихсан аж. Энэхүү Солоник гэгч бас л хүний цусанд гараа тун гүнзгий дүрсэн “амьтан” байсан бөгөөд шуугиантай аллагын хариуцлагыг “би хүлээе” л гэдэг байсан бол “цэрэг Саша” та нар баталж чадвал би алсан байж таарна гэдэг байжээ. Үүгээрээ тэд ялгаатай байв. Цагдаагийнхан олон хүн алсан Солоникийн тухай ярихдаа “Тэр ядаж Пустоваловын хажууд нь ч байж үзээгүй” гэж хэлдэг байжээ. 1997 онд Москва хотын Дотоодыг хамгаалах газрын ердөө дэргэд Коптевын гэгддэг гэмт бүлэглэлийн нэлээн “том гар”-уудын нэг болох Василий Наумовыг буудаж хороосноос хойш эндхийн эрүүгийн эрэн сурвалжлахынхны тэвчээр барагдлаа.
Тун удаагүй байхад Осягийн ойр дотнын хэдэн дээрэмчнийг торны цаана суулгав. Солоникийн үйлдсэн аллагыг чухам энэ хүмүүс захиалсан гэж мөрдөн байцаагчид үзэж байв. Энэ үед бараг л Москвагийн хүн амын тэн хагасыг буудчих шахсан Курганы цуст дээрэмчдийн талаар хэвлэл ид шуугиж байв. Гэтэл энэ нь Ося болон цагдаагийн байгууллагын бүтцэд байдаг түүний хүмүүсийн зориуд зохион байгуулсан ажил байв. Курганы гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдээлэл нь цагдаа нарын анхаарлыг Осягийн бүлэглэлээс хөндийрүүлэх ёстой байлаа. Гэвч Курганы зандалчдыг баривчилснаас хойш ч мэргэжлийн түвшинд үйлдсэн захиалгат аллага урьдын хэвээр Москвад болон хилийн чанадад гарсаар байгаад Эрүүгийн эрэн сурвалжлах албаныхан анхаарлаа хандуулав. Пылевийн хүмүүс Осяг санхүүжүүлэгчдийн нэгд 10 сая доллар зээлгэ сэн “нэрд гарсан” бизнесмен Сергей Михайловын аминд халдахаар Унгарт зэхэж байсан тухай мэдээлэл хууль сахиулагчдад хүрсэн байв. Ер нь бол Буторины бүлэглэлийн гарт эргэлддэг мөнгөний хэмжээ Оросын томоохон компанийн төсөвтэй дүйхүйц байсан гэдэг.
Курганы зандалчдыг байцаасан чинь олон аллагыг тэд хэн нэгний захиалгаар үйлдсэн нь тодорхой болов. Гэхдээ тэднийг л хийсэн гэж үзээд байсан олон хэрэгт бас огт оролцоогүй нь илт болжээ. Аюул ойртож буйг мэдэрсэн Ося, Пылевтэй хамт Италийг зорьлоо. Курганыхан улайж эхэлснийг цагдаагийн бүтцэд байдаг мэдээлэгчид нь түүнд дуулгасан юмсанж. Энэ үед Буториныг нэгэнт олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буйг зарлачихсан байлаа. Ося Испанид нуугдаж буй нь тодорхой болсон тул Москвагийн Эрүүгийн эрэн сурвалжлах болон Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтнууд тийшээ явав. Интерпол болон Испанийн цагдаагийн байгууллага ч тэдэнтэй хүч хавсрав. Ося, Андрей Пылев хоёрыг янхны газрын ойролцоогоос баривчиллаа.
Пылевийг ихээхэн мөнгөөр барьцаалж, хилийн дээс алхахгүй байх амлалт авч сулласан аж. 2004 оны тавдугаар сарын 19-нд Москва хотын шүүх Сергей Буторин (Ося хочит) хийгээд ах дүү Полянскийн толгойлж байсан Ореховын гэх гэмт бүлэглэлийн гишүүдэд ял оноов. Энэ зандалчид 1995 оноос эхлэн Москвад 20 гаруй хүний амийг хороожээ. Уг бүлэглэлийг Москвагийн Эрүүгийн эрэн сурвалжлах албаныхан 1998-2000 онд аюулгүй болгож чадсан байна. Марат Полянский, Буторин хоёр Испанид нуугдахыг оролдсон ч тэндхийн цагдаагийн ажилтнуудтай уялдаатай ажилласны дүнд баривчилжээ. Тэд одоо Испанийн шоронд ялаа эдэлж байгаа. Нөгөө “цэрэг Саша” (Пустовалов) 22 жил шоронд хоригдох ял авчээ. Хоёр Полянскийн нэг Руслан 17 жил хоригдох болсон байна. 90-ээд оны эхээр Москвад байгуулагдсан “Орехов-Медведков”-ийн гэгддэг бүлгийн 11 гишүүнд Москва хотын шүүх 2005 оны наймдугаар сарын 17-нд шийтгэл оноов. Тэд хамтдаа 18 удаа аллага болон хүнд гэмт хэрэг үйлдсэн байлаа. Тэд 14 удаагийн үйлдлээр 18 хүний аминд хүрсэн байна. Александр Солоникийн амийг хорооход оролцсон Олег Гусев 10 жилийн ял авлаа. Энэ бүлэглэл 10 гаруй жилийн дараа хоёр салж “Ореховын”, “Медведковын” гэж нэрлэгдэх болжээ...
Р.ЖАРГАЛАНТ