Хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг олгох, хичээлээ бататгахад нь туслах www.turshilt.com цахим хуудсыг “Danna’s doodles”-ийн контент бүтээгчид хөгжүүлжээ. Энэхүү сайтад хэдэн ч насны хүн сонирхоод хийж болох шинжлэх ухааны туршилтын заавар бий. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан уншиж, бичих, тоо сурах аргууд, гар урлалын мэдээлэл багтаасан байна. Туршилтад ашиглах хэрэглэгдэхүүнийг элбэг олдоцтой байхаар сонгосон аж. Түүнчлэн бичлэгийн тайлбарыг монгол, англи хэлээр бэлтгэсэн гэнэ.
Эдгээрээс гадна шинжлэх ухааны нэр томьёонуудыг тайлбарласан хэсэг ч бий. Мэдлэгээ бататгах зорилгоор хэвлээд ашиглах боломжтой ажлын хуудас ч бэлтгэжээ. Хөгжүүлэгчид “Туршихгүй л бол бид мэдэхгүй шүү дээ” гэсэн үгээс үндэслэн сайтаа “turshilt” гэж нэрлэсэн юм байна. “Хүүхэд болон томчууд сониуч зангаа хэзээ ч битгий алдаасай. Өдөр тутмын энгийн амьдрал дотроосоо шинжлэх ухааны гайхамшгийг мэдэрч байгаасай” гэх зорилгоор уг цахим хуудсыг бүтээсэн хэмээн тэд онцолжээ.
А.ҮҮЛ