Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, урьдчилан сэргийлэлт, даатгал, эрх зүй гэх мэт эл салбарт тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарлав. Тодруулбал, 2019-2023 онд улсын хэмжээнд 240 хүн хөдөлмөр эрхлэх үедээ буюу ажлын байрандаа амиа алджээ. Мөн 823 хүн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас хүнд гэмтсэн бол 686 иргэн хөнгөн зэргийн бэртэл авсан байна. Энэ мэтээр нийт 1748 хүн үйлдвэрлэлийн төрөл бүрийн осолд өртсөнийг тус яамнаас мэдээлэв.
Салбарын сайд Л.Энх-Амгалан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм журамтай холбоотой даатгалын тогтолцоог сайжруулахгүй бол иргэдийг ажлын байранд нь амь, эрүүл мэндийг нь хохироодог үзэгдэл буурахгүй. Хөгжингүй орнууд үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний тусгайлсан сэргээн засах болон ослын даатгалын нийгэмлэгтэй байдаг. Харин манайд даатгалын компаниуд хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалах өвчнийг даатгадаггүй.
Тиймээс жишиг сургалтын төв, лаборатори байгуулж, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, холбоодыг дэмжиж, чиг үүргийг нь зөв тодорхойлох хэрэгцээ шаардлага байгаа. Эдгээр асуудлыг манайх дангаараа хариуцах биш, Эрүүл мэндийн яамтай хамтран даатгалтай уялдуулах, бүх салбарт ослын дараа бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах, холбогдох хууль, журмыг шинэчилж, олон улсын конвенцод нэгдэнэ” гэсэн юм.