Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан өчигдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. “Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван ангилалд хуваадаг. Энэ он гарснаас хойш 43 дахь долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд ханиад, томууны идэвхжил шар түвшинд байна” гэж ХӨСҮТ-ийн Томууны үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан мэдэгдэв. Өвчлөгсдийн 46 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буйг албаныхан хэлсэн. Тэгвэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад томууны өвчлөл 5-9 насныхны дунд нэмэгдэх хандлагатай байна гэлээ.
Энэ сарын 3-ны байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд ханиад, томууны улмаас 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог, хүнд хэлбэрийн халдвартай гэж оношлогдсоныг ЭМЯ-наас анхааруулсан. Иймд ханиад, томууны улирал дуустал халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсэн юм. Өдгөө нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг нэмэлтээр дэлгэсэн бол орон нутагт нөхцөл байдал хэвийн гэнэ.
Улирлын томуунаас сэргийлэх үр дүнтэй арга нь вакцин хийлгэх, гарын ариун цэвэр сахих гэдгийг хүүхдийн зөвлөх эмч Т.Навчаа хэлсэн. Тэрбээр “Томууны вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтож, зургаан сар хадгалагддаг. Манай хүүхэд вакцин хийлгэсэн хэрнээ өвдөөд байна гэж эцэг, эхчүүд хэлдэг. Дархлаажуулалт бол өвчин хүндрэхээс сэргийлж буй нэг хэлбэр тул аюулгүй” хэмээсэн.
О.УНДРАХ