Хот байгуулалт, хотын стандартын болон нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрынхан хамтран “Хоосон таваг” аяныг энэ сарын 1-нээс эхлүүллээ. Энэ нь хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилготой аж. “Хоосон таваг” аяныг ирэх сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ИТХ-аас “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 стандартыг 2022 онд баталсан байдаг. Уг стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газрынхан өнгөрсөн жил нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллажээ.
Тэгвэл энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж буйн нэг нь “Хоосон таваг” аян юм байна. Аяны хүрээнд хоол үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд бусад хаягдлаас тусад нь хадгалж, устгах зэрэг уриалгыг аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтэд хүргэх аж. Хот байгуулалт, хотын стандартын газрын агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болор “Хүнсний органик хаягдал нь хурдан муудаж, үнэр, шингэн ялгаруулдаг. Цаашлаад бусад хог хаягдал урвалд орох, ялзрах, химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан болдог. Тиймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой” гэв.
М.ОЧ