Эх, хүүхэд, нярайд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн нярайн зүрхний мэс заслын эмчилгээ нэвтрүүлснээ зарлалаа. Тодруулбал, тус төвийн болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамтарсан баг зүрхний хүнд хэлбэрийн гажигтай төрсөн нярайд нээлттэй мэс засал анх удаа хийсэн нь амжилттай болжээ.
Монголд эмчлэх боломжгүй 25 өвчний жагсаалтад нярайн зүрхний хүнд хэлбэрийн гажиг багтдаг. Ийм өвчтэй төрсөн хүүхдүүд эмчилгээ хийлгэхийн тулд өмнө нь гадаадыг зорихоос өөр сонголтгүй байсан аж. Харин одоо эх орондоо эмчлүүлэх боломж ийнхүү бүрдсэн байна. Уг эмчилгээг Монголд нэвтрүүлж, нутагшуулахад Монгол, Люксенбургийн Засгийн газар, тус улсын Зүрхний мэс заслын төв, Францын Штрассбург хотын их сургуулийн эмнэлгийн баг, НҮБ-ын Хүн амын сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн оролцсоныг ЭХЭМҮТ-ийнхөн онцоллоо.
О.УНДРАХ