Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн амбулаторийг уржигдар нээлээ. Уг амбулаторийг тус дүүргийн 20 дугаар хороонд барьжээ. Одоогоор тоног төхөөрөмжүүд байрлуулаагүй. Тоног төхөөрөмж суурилуулж, гадаад, дотоод заслын ажлыг ирэх сар гэхэд дуусгаж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар бэлтгэж буй юм гэнэ. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг хадгалах өрөө, халдвар хамгааллын дэглэм тогтоосон үед ашиглах тусгаарлах өрөө ч тэнд бий.
Гэр бүлийн бүх гишүүн үйлчлүүлж болно
Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэгт 153 000 гаруй хүүхэд оршин суудаг. Нэгдсэн эмнэлгийн амбулатори улирлын томууны дэгдэлтийн үед өдөрт 240-270 хүүхэд хүлээн авдаг. Гурван давхарт хүүхдийн амбулатори үйл ажиллагаа явуулж эхэлснээр энэ ачаалал багасна. Бас хүүхдүүд нэлээд хол явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг байлаа. Жишээ нь, Толгойт орчмын хүүхдүүд өмнө нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн нэрлэдгээр 10 буудлын амбулаториор үйлчлүүлдэг байсан. Харин одоо харьяа дүүрэгтээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Уг амбулотари нь эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу ажиллана. Зөвхөн хүүхдүүд ч бус, гэр бүлийн бүхий л гишүүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эндээс авч болно” гэлээ.
Энэхүү амбулаторийг барих төслийг “Хангарьд хөгжлийн төв холбоо” НҮТББ, БНХАУ-ын “Энхтайван найрамдлын сан” ТББ-ынхан хариуцжээ. Барилгын ажлыг “Энхтайван найрамдлын сан” ТББ-аас санхүүжүүлсэн юм байна. Эл байгууллага нь 40 гаруй улсад хүмүүнлэгийн чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлдэг. Монголд 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй аж. Тэд хотын төвөөс алслагдмал, гэр хорооллын бүсэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьдог. Үүний хүрээнд жил бүр хүүхдүүдийн эмнэлэг барьдаг гэнэ. Түүнчлэн эмч нарыг нь давтан сургах, шинэ технологи нэвтрүүлэхэд ч анхаарлаа хандуулдаг юм байна. Тухайлбал, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг уржигдар хандивлажээ.
Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцсон юм. Тэрбээр “Өвдсөний дараа л эмнэлэгт хандах бус, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах нь чухал. Түүнчлэн тухайн хэсгийг шинэ суурьшлын бүс болгож, тохижилтын зураг төсөл боловсруулна. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхантай хамтарна” гэв. Мөн эмнэлгийн ойролцоох гэр хорооллын айлуудад нүүх шаардлага тавихаа мэдэгдсэн юм.
“Тусламж, үйлчилгээг шуурхай авах боломж бүрдлээ”
Эмнэлгийн нээлтийн ёслолд хорооны иргэд ч оролцсон юм. Тэдний төлөөлөл, 20 дугаар хорооны оршин суугч С.Гомбо-Очир “Хэдхэн жилийн өмнө эмнэлгээр үйлчлүүлэх хэцүү байлаа. Эмнэлэгт үйлчлүүлэх цаг авахдаа ч замын түгжрэлээс болоод хоцордог. Ахмад настнууд, хүүхдүүдэд эмнэлэг рүү очих зам нь хүртэл хүнд даваа. Харин энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар тусламж, үйлчилгээг шуурхай авах боломж бүрдлээ. Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгосонд нь оршин суугчдын өмнөөс талархаж байна. Ойр орчимд эрүүл мэндийн төв ч байхгүй шүү дээ” гэв.
“Олон улсын байгууллагын санхүүжилтээр энэхүү эмнэлгийг барьжээ. Одоо эмч, мэргэжилтнүүд нь тоног төхөөрөмждөө эзэн болж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нь л чухал. “Тоног төхөөрөмж эвдэрчихсэн тул таныг үзэх боломжгүй. Эмч өнөөдөр ажилдаа ирэхгүй. Маргааш ирээрэй” гээд хүндрэл их бий. Харин шинэ эмнэлгийнхэн ийм асуудал гаргахгүй болов уу. Бие нь тааруу хүн бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч амжилгүй хорвоогоос хальж мэдэхээр хэмжээнд манай хорооныхон амьдарч байлаа” гэж мөн хорооны иргэн Я.Гонгор хэлсэн юм. Эмнэлэгт ирсэн иргэд “Ямар олон өрөөтэй юм бэ. Тохилог болжээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
А.Үүл