Томууны улирал аравдугаар сарын 1-нээс эхэлж, халдвар арваннэгдүгээр сараас нэмэгддэг. Харин 12-1 дүгээр сард томууны дэгдэлт оргил үедээ хүрдэг юм. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн нийт үзлэгийн таван хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Харин нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 20 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн байна. Эл үзүүлэлтүүдийг өмнөх долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад гурав орчим хувиар нэмэгдсэн аж. Улирлын томууны тархалтын түвшнийг тав ангилж үздэг. Уг тархалтын шар түвшинд нийслэл болон 17 аймаг багтжээ. Хоёр аймаг улбар шар буюу III түвшинд буй гэнэ. Харин Говь-Алтай аймаг ногоон түвшинд буюу томуу, томуу төст өвчин тархаагүй аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалтын үндэсний төвийн халдвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодруулахад “Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насныхан. Тэр дундаа тав хүртэлх насны хүүхдүүд 47 хувийг эзэлж буй. Уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлэгсдийн 80 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд. Түүнээс 57 хувь нь тав хүртэлх насныхан. Бид томууны вирусний үүсгэгчийг долоо хоног бүр танддаг. Одоогоор 4-5 төрлийн вирус идэвхтэй байгаа. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын үүсгэгч “Sars-Cov-2”, риновирус, синцитиаль вирусний идэвхжил өндөр байна. “Sars-Cov-2” вирусээр үүсгэгдсэн ханиад, томууны үед хоолой өвдөх, цэртэй болон хуурай ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Харин риновирусний тухайд нусгайрах, нус гоожих, мөн ханиалгах шинж илэрч болно. Хоёр хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн шалтгаан нь амьсгалын замын синцитиаль вирус болж буй. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлж буй хоёр хүртэлх насны хүүхдүүдийн олонх нь энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн томуугаар өвджээ. Уг вирус нь богино хугацаанд өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй” гэв.
Түүнчлэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгджээ. Есөн дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн зургаан хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн аж.
Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ өндөр тунгаар антибиотик өгч, өвчнийг нь даамжруулан эмнэлэгт хандаж буй тохиолдол цөөнгүй гарч байгааг эмч нар анхааруулав. Тиймээс томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид үзүүлж, хүүхдийнхээ дархлааг дэмжин, шим тэжээлтэй хоол хүнс өгч, улиралд нь тохируулан хувцаслахыг Ч.Уртнасан зөвлөлөө. Мөн тав хүртэлх насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, шаардлагатай тохиолдолд вирусээс хамгаалах түрхлэг хэрэглэхийг сануулсан. Томууны вирусний гол дамжуулагч нь өсвөр насныхан болон эцэг, эхчүүд байдаг. Тиймээс гараа сайн угааж, ариун цэврийг сахих нь зүйтэй.