Жагсаалтад байгаа эмүүд нь эмийн бүртгэлийн хугацаа, бүртгэлээс хасах, нэмэх шийдвэрээс хамааран тогтмол өөрчлөгддөг болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль мөрдөгдөж эхэлж байгаатай холбогдуулан “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна.
Манай улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгох болохыг анхааруулж байна.