Хэд хоногийн өмнө ахлах ангийн хүүхдийнхээ эцэг, эх, асран хамгаалагчдын хуралд суув. Анги удирдсан багш нь бидэнд сургуулийнхаа хүний нөөцийг танилцуулж, тулгамдаж буй бэрхшээлүүдээ хэлсэн. Тус сургууль 262 багштайгаас 112 нь мэргэжлийн зэрэггүй, голчлон“хүүхдүүд” ажиллаж буй нь сургалтын чанарт нөлөөлж байна гэв. Тэр дундаа ахлах ангийнхан ийм багш нарыг “элэг барих”, доог тохуу хийх зэргээр хичээл үймүүлдэг, ангидаа суралцахад хичээхгүй, гэрийн даалгавар ч огт хийхээ больсныг шүүмжилсэн. Төгсөх ангийнханд оюутнууд хичээл заах нь харьцангуй цөөн. Гэвч дунд ангийнхан эсрэгээрээ хамгийн их “хэлмэгдэж” буй талаар багш учирлаж байна лээ. Ерөнхий боловсролын бусад сургуульд ч зовлон дээрхтэй яг ижил. Өнгөрсөн жил салбарын яамнаас улсын сургуулиудад 3000 гаруй багш дутагдалтай байгааг мэдээлсэн. Энэ жил дээрх тоо 4000-ыг давж нэмэгдээд байна.
Тиймдээ ч жил бүрийн хичээлийн жилийг угтаад аймаг, сум, дүүрэг, хороо бүрд багшийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарладаг уламжлалтай. Тухайн зараас л сургууль, цэцэрлэгүүд хүний нөөцийн хомсдолд ямар их орсныг харах боломжтой байдаг. Зар “наагаад” багшийн орон тоог нөхчихдөг байсан бол өнөөдөр бид нийтээрээ ингээд талцаж суухгүй л дээ. Боловсролын сайд П.Наранбаяр уг нь энэхүү нөхцөл байдалд тулгуурлаад цагаа олсон шийдвэр гаргасан гэж учир мэдэх хүмүүс дүгнэсэн. Гэтэл багшийн дутагдлыг богино хугацаанд нөхөх түүний “мэргэн” арга нь өөрийг нь “яллах өгөөш” болчихно чинээ хэн санах билээ. Багшлах эрхийн 45 хоногийн сургалтыг одоо ч багш нар, эцэг, эхчүүд эсэргүүцэж, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүртэл хүргүүлээд буй. Урт хугацаандаа биш ч багшийн сул орон тоог өнөө, маргаашдаа нөхөх гарц, гаргалгаа бидэнд энэхүү сургалтаас өөр бий бил үү. Ийм байхад олон нийт 45 хоногийн сургалтыг илтэд “мушгиж”, ямар ч мэргэжлийн зэрэггүй хүмүүсийг гудамжнаас “олж ирээд” багш болгочих мэтээр ярьж, бичицгээж байна.
Сайд П.Наранбаяр “Их, дээд сургуулиа 2.7-гоос дээш голч оноотой төгссөн, бакалавр, түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй хүмүүсийг хэрэв хүсвэл багшлах эрхийн сургалтад хамруулж, хагас цагаар ч болтугай ажиллуулъя л гэсэн. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиудад хамгийн их дутагдалтай байгаа хими, физик, математик, англи хэл, мэдээллийн технологийн чиглэлийн багш нарыг ингэж бэлтгэхээр шийдвэрлэсэн. Мэдээж физикч нарт багшлах эрх олгочхоод хүүхдүүдэд англи хэл заалгахгүй нь ойлгомжтой. Тухайн мэргэжилдээ бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчнийг ашиглаж, цагаар, гэрээт багшаар урьж ажиллуулах тухай л ойлголт юм. Тэрнээс биш 45 хоногийн сургалтад хамрагдсан багш нарыг үндсэн ажилтан болгоно гээгүй” хэмээн тайлбарласаар атал ойлгох хүн цөөн байна. Улсын сургуулиудад дээрх нарийн мэргэжлийн багш олдохгүйгээс хүүхдүүдэд энэ төрлийн хичээл огт заахгүй байгаа гэсэн нь ч бий. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгэн сургууль хими, физикийн багшгүйгээс ангийн багш нар нь ачааллаасаа 2-3 дахин урт цагаар ажиллаж буй юм билээ. Их, дээд сургуулийн хэмжээнд ч физикч мэргэжил бараг үгүй болж, жилд 10 хүрэхгүй хүүхэд энэ чиглэлээр элсэж байгаа талаар судлаачид “үглэсээр” буй. Бодит байдал ийм байхад багш нарын холбоо нь ч тэр салбарын сайдаасаа “Цалинг 1000 ам.долларт хүргэ, дөрвөн жил сурсан мэргэжилтнүүдээр 4200 багшийн орон тоог дүүргэ” гэж шаардах нь үнэнд хэр дөхөх вэ.
Улсын хэмжээнд жил бүр багш мэргэжлээр 2500 орчим оюутан төгсдөг. Гэтэл жилд дунджаар 4000 гаруй багш ирэн, яван дутагдсаар л байдаг аж. Бакалавр зэрэгтэй, мэргэжлийн багш нарыг хүлээсээр байтал эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам л холдох гэнэ. Тиймээс Засгийн газрын энэ сарын 18-ны хуралдаанаар багшлах эрхийн богино хугацааны сургалтыг яаралтай зохион байгуулахыг үүрэгдсэн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулах даалгаврыг Боловсролын сайдад өгсөн билээ. Уг ажил хэр урагштай байгаа талаар Боловсролын ерөнхий газрынхнаас тодруулахад “Багшлах эрхийн 45 хоногийн сургалтын хөтөлбөрийг их, дээд сургуулиуд боловсруулж эхэлсэн. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс холбогдох дүгнэлт гарсны дараа сургалтын бүртгэлийг эхлүүлнэ. Эцсийн байдлаар тов гараагүй, дүрэм журам боловсруулах зэрэг ажил үргэлжилжбуй тул дэлгэрэнгүй мэдээлэл хараахан алга” гэсэн юм.
Багшийн дутагдлыг нөхөх “гал унтраах” арга нь л 45 хоногийн сургалт болохоос цаашид эл асуудлыг бодлогоор зохицуулах, салбарын хүний нөөцийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин хангамжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх зэрэг урт хугацааны цөөнгүй төлөвлөгөө салбарын яамныханд байгаа аж. Тодруулбал, багш мэргэжилтэй хэрнээ өөр салбарт ажиллаж буй 20 мянга орчим хүн бий гэнэ. Тэднийг салбартаа эргэн ажиллах боломжоор нь хангах, тэтгэвэрт гарсан сурган хүмүүжүүлэгчдийг цөөн цагаар болон зөвлөх, туслах багшаар ажиллуулах зэрэг шийдэл хэлсэн. Мөн долоо хоногт 19 цаг ажиллах хуваарьтай нарийн мэргэжлийн багш нарыг хөрвөх сургалтад хамруулж, мэргэшүүлэх юм байна. Багшлах эрхийн 45 хоногийн сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдийг ч өөрсдийнх нь хүсэлтээр үндсэн багш болгох боломжтой гэв. Ингэхдээ дараа дараагийн шатны мэргэжил дээшлүүлэх дамжаанд хамруулах байдлаар хүний нөөцийн дутагдлыг нөхнө гэж салбарын яамныхан үзжээ. Төгсөх дамжааны оюутнуудыг ч дадлагажигч багшаар ажиллуулаад эхэлсэн юм билээ.
Цаашлаад багшийн дутагдал хамгийн ихтэй зарим хичээлийг цахим сургалтаар нөхөх зэрэг арга хэмжээ авах аж. Улсын сургуулиуд ч эхнээсээ гавьяаны амралтдаа суусан багш нараа урьж, ажиллуулж буй тохиолдол цөөнгүй байна. Багш нарын сарын үндсэн цалин 1.4, үүн дээр зэргийн нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээ, анги удирдсаны, ажилласан жилийн болон бусад урамшуулал нийлээд дунджаар 2.4 сая төгрөг авдаг гэсэн статистикийг салбарын яамныхан өгсөн. Орон нутагт ажиллахаар очсон багш үндсэн цалин дээрээ 40 хувийн нэмэгдэл авдаг болсон гэхчлэн жил ирэх тусам үнэлэмжийг нь хэрэндээ л өсгөж буй гэнэ лээ. Гэвч тав хүртэлх жил ажилласан багш нарын тэн хагас нь өдгөө ажлаасаа гарчихсан, цалин хангамжаа голсон хэвээрээ. Тиймээс Засгийн газраас багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ур чадварыг нь сайжруулахын тулд цалинг нь үе шаттай нэмэгдүүлнэ гэж амлажээ. Эхний ээлжид 10 хувиар өсгөх боломжтой гэж үзэж байна. Ингэлээ гээд багшийн дутагдал өргөс авсан мэт нөхөгдчихгүй, үр дүн нь аажимдаа гарна гэдгийг салбарын сайд хэлж буй. Багш нар ч цалин нэмлээ гээд тогтсон ажлаасаа гараад “гүйгээд ирэх” нь хэр олон бол, бодох л асуудал. Нөгөөтээгүүр, багш нар мэргэжлээсээ “урвах” болсон шалтгаан өөр юунд байж болох вэ. Тэдний цалин хангамж бага гэсэн ганцхан шалтгаантай гэж үү. “Юунаас шалтгаалж багш хомсдоод байна вэ” гэсэн санал асуулгыг багш нар өөрсдөө цахим орчинд өрнүүлж байна. Тэдний нийтлэг хариултуудаас сонирхуулбал, мэдээж олонх нь цалин хангамж бага, нийгмийн баталгаа сул, мэргэжлийн үнэлэмж доогуур гэсэн байв. Тэгвэл цөөнгүй нь цалингаас илүүтэй анги танхимын хүртээмж хангалтгүй, орчны аюулгүй байдал алдагдсан,
хүүхдийн тоо стандартаас давсан (50-70), ачаалал хэт ихтэй, бичиг цаасны ажил тоймгүй, гүйцэтгэлийн үнэлгээний дарамтаас болж халширч, мэргэжлээ орхисон тухайгаа бичжээ. Түүнчлэн багш нарт эцэг, эх, асран хамгаалагч нарын дарамт их, сурагчдын эрх нэмэгдсэн, үүрэг хумигдсан байдал зэрэг нь сэтгэл зүйд нь их нөлөөлдөг байна. Багш нар зөвхөн цалин бага гэсэн шалтгаанаар ажлаа орхидоггүй гэв. Тэд мэргэжилдээ, хүүхдүүддээ хайртай ч дэд бүтцийн хангамж, тогтолцооны гажуудал зэргээс үүдэлтэй сэтгэл зүйн хямралд амархан өртдөг, олон нийт сэтгэлгүй, шударга бус ханддаг нь салбараасаа “дайжихад” хүргэдэг хэмээж. Үүнээс харахад, төр засгаас сургууль, цэцэрлэгүүдийн хүртээмжийг сайжруулах, нэг ангид ногдох хүүхдийн тоог цөөлөх, багш нарыг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тогтмол хамруулах, халамжлах зэрэг энгийн үйлчилгээ тэдэнд хэрэгтэй байна. Бид одоо л ниргэсэн дээр нь асуудлыг нэг тийш болгохгүй бол хэцүүдэх нь. Цөөнгүй багшийг БНСУ руу “алдсан” гашуун туршлага бидэнд бийг сануулах нь илүүц биз. Харин цаашид багшийн ажил гадаад явах “гишгүүр” болох ёсгүй.