“Ковид-19”-өөс хойш томуу, томуу төст өвчний дэгдэлт дэлхийн хэмжээнд алаг цоог буюу бага тархалттай байжээ. Тиймээс ханиад, томууны дархлаа нийтээрээ суларсныг ДЭМБ-аас анхааруулав. Яг үүнтэй зэрэгцээд гурвалсан халдвар дэлхий даяар огцом нэмэгдэж эхэлжээ. Тодруулбал, энэ удаад дэгдээд буй гурвалсан вирусийн халдвар нь “Ковид-19”, томуу, RSV (амьсгалын замын синцитиал вирус)-ийн нэгдэл гэнэ. Уг халдвар нь амьсгалын замыг богино хугацаанд гэмтээн, уушгины хатгалгаа зэрэг цөөнгүй хүндрэл үүсгэж буй учраас аюултай гэж ДЭМБ сэрэмжлүүллээ.
АНУ болон бусад улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр дээрх гурвалсан халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх жилүүдээс 10 дахин нэмэгдсэн гэнэ. Иймд ЭМЯ, НЭМҮТ-өөс иргэдийг халдвар хамгааллын дэглэм чандлан сахих, тэр дундаа амны хаалт зүүх, гараа угаах дадал хэвшлээ үргэлжлүүлэх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, дархлааг нь тогтмол дэмжих, хангалттай нойр авхуулах, С, D аминдэм тохирох тунгаар хэрэглүүлэх, агаар сэлгэх, нийтээрээ дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөв.
Ташрамд, амьсгалын замын RSV нь “Ковид-19” болон бусад томуутай хавсарснаар маш өндөр халдвартай болж, нус гоожих, найтаах, амьсгаадах, халуурах шинж тэмдгээр эхэлж, энэ нь 7-10 хоног үргэлжилдэг байна. Зарим тохиолдолд ханиалгах нь зургаан долоо хоног хүртэл үргэлжлэх нь ч бий тул эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй аж.
О.Ундрах